Дэлхийн банк авлигад холбогдсон Шведийн зарим компанийг ХАР ЖАГСААЛТ-д орууллаа
Шведийн найман компанийг Дэлхийн банк хар жагсаалтад оруулж, заримд нь бүр 2999 он хүртэл буюу 900 жилийн туршид санхүүжилт олгохгүй гэсэн шийдвэрийг гаргасан тухай REGNUM агентлаг мэдээлжээ.
Эрчим хүч, зөвлөх үйлчилгээ, дижитал бизнес зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхийн тулд авлига өгсөн нь тогтоогдож буй тул Дэлхийн банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг томоохон донорууд Шведийн зарим компаниас харилцаагаа тасалж байна.
Тухайлбал, GE Power Sweden AB компани авлигын асуудалд холбогдоод байна. Тус компани 2019 оны 11-р сарын 27-ны өдрөөс 2025 оны 11-р сарын 26-ны хооронд Дэлхийн банкнаас ямар нэг санхүүжилт авах боломжгүй болжээ. GE Power Sweden AB компани одоо “Женерал Электрик” группийн мэдэлд байдаг эрчим хүчний компани юм.
Тэгвэл өдгөө холбогдоод буй авлигын хэрэг нь 2002 оны үед буюу хуучин өмчлөгч “Alstom Power” байх үетэй холбоотой тухай www.tellerreport.com мэдээлж байна.
Литвийн ДЦС-уудын тендерт ялахын тулд 50 сая ам.доллароос багагүй хэмжээний мөнгийг авлигад өгсөн хэрэгт холбогдож байна. Уг төслийн нийт өртөг хоёр тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэж байжээ. Төслийг тухайн үед Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк санхүүжүүлж байсан бөгөөд GE Power Sweden AB компанийг хар жагсаалтдаа оруулаад байна.
Толгой компани болох “Женерал Электрик”-ийн зүгээс албан ёсоор мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Гэхдээ 2015 онд “Alstom Power”-оос эрчим хүчний бизнесийг нь худалдаж авахаас өмнө болсон үйл явдал. “Женерал Электрик” бол бизнесийн ёс зүйг дагаж мөрддөг компани. Дэлхийн олон оронд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа нь үүнтэй холбоотой. Тиймээс “Alstom Power”-той холбоотой мөрдөн байцаалтад шаардлагатай мэдээллийг өгөхөд цааргалах зүйлгүй гэсэн байр суурийг компанийн нэгэн эх сурвалж илэрхийлсэн талаар www.tellerreport.com мэдээлэлдээ дурджээ.
ЭХ СУРВАЛЖ: www.tellerreport.com, REGNUM
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.