Салбар дундын хамтын ажиллагааг сонгодог утгаар нь хөгжүүлнэ.
Их, дээд сургуулиуд, мэргэжлийн сургалтын байгууллагуудыг мэргэжилтэн бэлтгэж байгаа чиглэлээс нь хамаарч яамд булаалддаг, шинжлэх ухааны хүрээлэн, лабораториудыг өөрийн харьяанд байлгах гэж сайд нар муудалцдаг байсан өмнөх жишгийг энэ засгийн газар хална.
Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн, Уул уурхайн хүрээлэнд засгийн газрын дөрвөн сайд хамтран ажиллаж цаашид энэ хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Тэгвэл өчигдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүрээлэнгүүдийн удирдлагуудтай цахим уулзалт зохион байгууллаа.
Аль судалгааг хэн нь дэмжих, аль патентыг яаж үйлдвэрлэлд нэвтрүүлж болох талаар талууд санал солилцлоо. Миний, чиний ажил гэж хойш суулгүй хамтарсан байдлаар хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг дэмжиж, улмаар эдийн засгийн суурь салбарынхаа хөгжлийг шинэ шатанд гаргах боломж байгаатай санал нэгдэв.
Цахим уулзалтад Хөдөө аж ахуйн их сургууль, түүний харьяа Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл оролцов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.