АН-аас хоёр нэр дэвшигч тодроод байна

АН-аас хоёр нэр дэвшигч тодроод байна

 

Хоёр удирдлагатай болоод буй Ардчилсан нам өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвших хоёр хүнийг тодруулаад байгаа ч хэн нь албан ёсны нэр дэвшигч вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг санал асуулгад намын гишүүдийн олонхын санал авч нэр дэвшихээр болжээ.  Харин М.Тулгат тэргүүтэй АН цахим сонгууль явуулсны үр дүнд УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга асан С.Эрдэнэ нэр дэвшихээр олонхын санал авсан байна.

АН-ын даргаар бүртгүүлэхээр хоёр талаас ирүүлсэн хүсэлтийг Улсын дээд шүүх мягмар гарагт хэлэлцсэн бөгөөд, намын дотоод маргаанд оролцох хуулийн боломж байхгүй тул аль аль талыг нь бүртгэхээс татгалзаад байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, УИХ-д суудалтай улс төрийн намууд тавдугаар сарын 3-5-ны дотор СЕХ-нд зөвхөн нэг нэр дэвшигчийг тодруулж материалыг нь хүргүүлэх ёстой. Тиймээс АН-ын хоёр талаас нэр дэвшүүлэх хүмүүсийн аль нэгийг нь СЕХ бүртгэх тул дотоод маргаанаа шийдвэрлэснээр асуудал цэгцрэх юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гуравдугаар сарын 23-нд хоёр тал болоод буй намын удирдлагыг нэгдэж, Ерөнхийлөгчид нэр дэвших нэг хүнээ тодруулахыг уриалсан. Тэрбээр, "АН-аас хоёр нэр дэвшигчийн материал СЕХ-нд очвол нэг нь албан ёсны тамгатай, нөгөөх нь цахим бүртгэлгүй гэх үндэслэлээр хоёулаа нэр дэвшигчээ хасуулах эрсдэлтэй" хэмээж байсан юм.

Ташрамд дурдахад, АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж тус нам хоёр тал болж хуваагдсан бөгөөд тус тусын шинэ даргыг сунгаа хийж тодруулаад байгаа билээ.

М.Тулгат тэргүүтэй талаас Ардчилсан намын Үндсэн дүрмийн болон Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн бүртгүүлэх гэснийг Улсын дээд шүүх хүлээж аваагүй юм. Тиймээс тус намын өмнөх их хурлаар байгуулагдсан Б.Мягмардаш даргатай Үндсэн дүрмийн хороо, И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрх хэвээр байгаа аж.

И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хороо нь саналын хуудсаар намын даргын сонгууль зохион байгуулж 70 мянга гаруй гишүүн саналаа өгснөөс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулжээ. Харин С.Эрдэнийн талаас зохион байгуулсан цахим сонгуульд 30 мянган гишүүн саналаа өгснөөс М.Тулгат ялалт байгуулсан гэж мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажилтай танилцаж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. 2021-04-30

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.04.30/ 2021-04-30

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.01-НИЙ 11 ЦАГ/ 2021-05-01

Хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн боллоо 2021-05-01

“Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр /2021.05.01/ 2021-05-01

АН-аас хоёр нэр дэвшигч тодроод байна 2021-05-02

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.05.02-НЫ 11 ЦАГ/ 2021-05-02

Орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлнэ 2021-05-02

“Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөр /2021.05.02/ 2021-05-02

МАН-ын Бага хурлын Х хуралдаанаас У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжиж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ 2021-05-02

Монгол Улсын ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үг 2021-05-02