Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэхээр шийдвэрлэв.
СЕХ-ны “Нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах” үүрэг бүхий Ажлын багаас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчээр С.Эрдэнийг бүртгэхээр шийдвэрлэв.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу парламентад суудалтай улс төрийн нам, эвсэл энэ сарын 5-ны 23.59 цаг хүртэл нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд өгөх ёстой. Харин хоёр удирдлагатай болоод буй АН-аас хоёр нэр дэвшигч тодорч СЕХ-нд тус тусын материал нь ирсэн. Тиймээс СЕХ-ны "Нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах" үүрэг бүхий ажлын баг хоёр нэр дэвшигчийн материалыг шалгаж, хууль ёсны шаардлага хангасан нэг нэр дэвшигчийг бүртгэхээр болсон юм. Тус ажлын багийн шалгаснаар, АН-ын хууль ёсны нэр дэвшигчийг С.Эрдэнэ гэж үзэж бүртгэхээр болсон байна.
Энэ талаар С.Эрдэнийн өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ, "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т заасан бичиг баримтыг хангасан. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд АН-ын хууль ёсны даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгааг тэмдэглэсэн байна. Энэ нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар нотлогдож байна гэж үзсэн тул С.Эрдэнийн баримтыг СЕХ хүлээн авч 00.00 цагаас өмнө шийдвэрээ гаргалаа" хэмээв.
Ташрамд дурдахад, УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн АН-ын О.Цогтгэрэл тэргүүтэй талаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ-нд бүртгүүлэхийг шаардаж Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.