С.Ёшихидэ онцгой байдлыг сунгасан явдалд хүлцэл өчжээ.

С.Ёшихидэ онцгой байдлыг сунгасан явдалд хүлцэл өчжээ.

 Японы парламентын даваа гаргийн хуралдаанаар цар тахлын талаар голчлон хэлэлцжээ. Энэ үеэр Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ онцгой байдлыг сунгасан явдалд хүлцэл өчсөн хэдий ч Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахаа амлажээ.

Сөрөг хүчний хууль тогтоогчид түүнийг онцгой байдал тогтоосон эхний 17 хоногийн хугацаанд “COVID-19” халдварын тархалтыг хяналтад авч чадаагүй хэмээн шүүмжилсэн байна.

Японы Коммунист намын Шимизү Тадаши, “Та ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахаа амласан. Иймээс та Осака муж, Кансай бүсэд нас барсан хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн хэлжээ.

Үүний хариуд С.Ёшихидэ, “Засгийн газар дөрөвдүгээр сараас хойш 800 ор нэмж дэлгэхэд тусламж үзүүлсэн. Гэвч тус бүсэд нөхцөл байдал хүндэрч байгаад миний бие харамсаж байна” гэв.

Удахгүй болох Олимп, Паралимпын наадамд дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган тамирчин оролцох боловч наадмыг зохион байгуулагчид гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлээд байгаа юм.

Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний гишүүд тасалбарын борлуулалтын алдагдлын улмаас Засгийн газар санхүүгийн асуудалтай тулгарч болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Цаашид дотоодын үзэгчдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргавал хэдий хэмжээний алдагдал хүлээх вэ? Энэ алдагдлыг нөхөхөд татвар төлөгчдийн мөнгөнөөс хэр ихийг зарцуулах вэ?” гэж Ард түмний төлөөх Ардчилсан намын гишүүн Тамаки Юичиро асуужээ.

Харин С.Ёшихидэ энэхүү асуултад шууд хариулт өгөхөөс татгалзсан байна. Тэрбээр, “Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо олон төрлийн нөхцөл байдлыг харгалзан бэлтгэл хийж байна. Үзэгчидтэй холбоотой шийдвэрийн хувьд дотоодын болон хилийн чанад дахь байдлыг үргэлжлүүлэн сайтар судлах шаардлагатай байна” гэж хэлжээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, наадам үзэх дотоодын үзэгчдийн тоог зургаадугаар сард эцэслэн гаргах юм. Цар тахал дэгдэхээс өмнө зохион байгуулагчид 10 сая орчим тасалбар худалдаалж, 800 сая гаруй ам.долларын орлого олох төлөвтэй байсан ажээ.

Үүнээс гадна Японд онцгой байдлыг сунгасантай холбоотойгоор Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах тус улсад хийх айлчлалаа хойшлуулсныг зохион байгуулагчид мэдээлжээ. Тэрбээр ирэх долоо хоногт Японд айлчлахаар төлөвлөж байсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.