Шүүгчийн туслах, нотариатчыг хуульчаар ажилласанд тооцно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуралдаанд төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. УИХ-аас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 бүлэг, 41 зүйлтэй төслийг боловсруулжээ.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалттай байсныг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцохоор нэмж тусгасан байна. Харин төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батлах юм байна.
Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн өөрөө хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзсэн байна.
Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжилдэг байх, хууль зүйн сургуулийн үндсэн ангиар эрх зүйч бэлтгэхэд баклаврын зэрэг олгох, харин эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор төсөл тусгасан гэв.
Цаашид Засгийн газраас эдийн засаг, бизнесийн чиглэлээр хуульчийг түлхүү бэлтгэх зорилгоор хууль зүйн сургуульд суралцагч нь эрх зүйн мэргэжлээр суралцаж төгсөхдөө нийт судалсан хичээлийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлээрх хичээл байх зохицуулалтыг шинээр тусгасан гэлээ.
Мөн хуульчийн үргэлжилсэн сургалтыг Хуульчдын холбоо нь бусад холбоо, танхимтай хамтран зохион байгуулах талаар тусгажээ. Ингэхдээ хуульч нь нийт багц цагийн тодорхой хувийг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагддаг байхаар тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.
2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаагийн 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч байгаа аж.
Хуульчдын холбоо нь хараат бус, бие даасан байх бөгөөд Их Хурал, Удирдах зевлөл, Ерөнхийлөгч, Хяналтын хороо, ажлын алба, хуульчийн шалгалт, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах болон эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нэгжтэй байхаар заажээ. Мөн хууль, дүрэмд нийцүүлэн холбогдох нэгж, хороодыг байгуулан ажиллуулах юм байна.
Хуульчдын холбооны Их Хурлын гишүүдийн тоог шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл тус бүр 40 буюу нийт 200 төлөөлөгчтэй байх бөгөөд шүүгч, прокурор болон бусад хуульчдын төлөөлллийг Хуульчдын холбоо, харин емгөөлөгч, нотариатчийн төлөөллийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим хариуцан сонгон шалгаруулахаар зохицуулжээ.
Хуульчдын холбооны Удирдах зөвлөл нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч болон бусад хуульчдын төлөөлөл бүхий 25 гишүүний, Хяналтын хороо нь 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийг Их Хурлаас сонгох бөгөөд Удирдах эөвлөлийн болон Хяналтын хорооний гишүүнд нэр дэвшүүлэх журмыг Хуульчдын холбооны дүрмээр зохицуулахаар тусгажээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд, С.Бямбацогт нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын багийн гишүүдээс хариулт, тайлбар авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжихгүй байгаагаа Б.Энхбаяр гишүүн хэлсэн. Хуульчдын холбоо нь төрийн байгууллага биш, харин мэргэжлийн, хамтын удирдлагын байгууллага байтал Их Хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг нь дөрвөн жил болгож байгааг буруу хэмээн үзэж, холбогдох тайлбараа хийсэн. Ж.Сүхбаатар гишүүн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн.
Хуульчдын холбооны ажил нь утга учиртай, ач холбогдолтой, үр дүнтэй байх ёстой, тиймээс эрх зүйн орчин,баримтлах бодлогыг нь зөв тодорхойлох нь зүйтэй гэв. Хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэл рүү Хуульчдын холбоо оролцох шаардлагагүй, төслийн 6 бүлэг тэргүүтэй зарим зүйл, заалтыг бүхэлд нь хасах нь ёстой гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд тодотгов.
Төслийн хамрах хүрээг хязгаарлах, Хуульчдын холбооны ажлыг маш тодорхой, цомхон, оновчтой байдлаар томьёолох нь зүйтэй, эс бөгөөс хуульч болох гэсэн хүмүүсийн заавал дамжин өнгөрөх ёстой “дунд шатны коридор” болгоод, үүнийгээ салаатай болгож байгаа нь буруу гэв.
Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.