АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахыг зорьсон хэвээр байна.
АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах зорьсон хэвээр байна гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жалина Портер БНСУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг угтан лхагва гарагт мэдэгджээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэн Ин АНУ-ын төрийн тэргүүн Жо Байдентай уулзах үеэрээ БНАСАУ-ыг хэлэлцээний ширээнд эргүүлэн суулгах арга замуудад анхаарлаа хандуулах төлөвтэй байгаа юм. Мүн Жэ Ин Ж.Байдентай баасан гарагт биечлэн уулзахаар өнөөдөр АНУ-д хүрэлцэн очно.
АНУ БНАСАУ-ыг чиглэсэн бодлогоо олон сар нягталсны дүнд тус улсыг цөмийн зэвсгээс ангижруулахын тулд “бодит” алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэний дараа талууд ийнхүү дээд хэмжээний уулзалт хийх гэж буй юм.
“Байден, Мүн нар БНАСАУ-ыг чиглэсэн АНУ-ын бодлого гэх мэт БНАСАУ-тай холбоотой асуудлаар санал бодлоо солилцож, АНУ, БНСУ-ын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ” гэж Цагаан ордны Энэтхэг, Номхон далайн бүсийн бодлого хариуцсан төлөөлөгч Курт Кэмпбелл мэдэгджээ.
Харин Ж.Портерын хувьд, хоёр орны удирдагчид БНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаар хэлэлцэх эсэх талаарх асуултад хариулахаас татгалзаад, Төрийн департамент цаашид дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрд нь танилцуулна хэмээн мэдээлсэн байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын 2019 оны хоёрдугаар сард Ханой хотноо болсон дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрэлгүйгээр өндөрлөснөөс хойш хоёр талын цөмийн хэлэлцээ зогсонги байдалд ороод байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.