Н.Энхбаяр: Манай намын залуус тодорхой албан тушаалд томилогдоно.

Н.Энхбаяр: Манай намын залуус тодорхой албан тушаалд томилогдоно.

МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа тухай МАХН-ын дарга Н.Энхбаяр нар өнөөдөр /2021.05.21/ мэдээлэл хийлээ.

Сая 09:00 цагаас МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэн нийлж байгаа тухайгаа УДШ-т мэдэгдлээ. УДШ бидний бичиг баримтыг судлаад хариу өгнө. Энэ үйл явдал бол МАХН-ын нийт гишүүдийн ухамсар, эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл эрмэлзэл, эх орныхоо төлөөх зүтгэл гэж хэлж болно. Энэ шийдвэрийг гаргахын өмнө бид анхан шатны гишүүдээс санал асуусан. Бид МАН-тай нийлэхдээ хэд хэдэн зүйлийг баримталж байгаа. Арван жилийн өмнө үзэл баримтлал нэгдэхгүй байгаагаас болж хоёр хуваагдсан. МАН, МАХН-ын хооронд тухайн үеийн маргаан дэгдээж байсан сэдэв бол МАНАН гэдэг үзэгдэл байж болохгүй. МАНАН үзэгдлийн хор уршигийг МАН-ын удирдлагууд маш сайн мэдэрч дөн өвлийн хүйтэнд жагсаал зохион байгуулж байсан. Ингэснээр бидний зөв байсныг нотолсон.

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээ бол гэрээгээр халхавчилсан залилан боллоо гэж бид шүүмжилж байсан. Иймд одоо энэ гэрээг засахаас өөр аргагүй гэдгийг ойлгосон байгаа.

Гуравдугаарт, Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой. Энэ гэрээ бол хулгай луйврын шинжтэй юм. Ингээд МАН-ын удирдлагууд Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдгээ зарлаж байгаа.

Дөвөрдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах ёстой гэж үзэж байсан. Та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгуулийн өмнө манай намаас томилогдсон Засгийн газрын гишүүд энэ талаар мэдэгдэж байсан.

Нэгэнт МАН-ын нэг үзэл баримтлал, үнэт зүйлтэй хоёр нам тус тусдаа үйл ажиллагаа явуулах нь цаг алдсан зүйл юм. Энэ жил намын маань 100 жилийн ой болж байна. Иймд хоёр намын нэгдэх ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хийхээр төлөвлөж, өнөөдөр өглөө 09:00 цагт УДШ-т мэдэгдлээ. Энэ бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэл юм.


Иймхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хоёр нам нэгдэх асуудалд С.Ганбаатар дургүй байгаагаа илэрхийлсэн. УИХ-д суудалд авчирсэн энэ хүний байр суурийг хүндлэхгүй байна гэдэг шүүмжлэл дагуулаад байна?

-Ганбаатар намын дэд даргаар ажиллаж байсан. Бид энэ асуудлыг хэнээс ч нуугаагүй. Сүүлд С.Ганбаатар гишүүн “Та бидний эвсэлд үлдэнэ” гэдэг байр суурьтай байсан. Харамсалтай нь С.Ганбаатар бидний үгийг сонсохоос гадна Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчийн үгийг сонсдог юм билээ. С.Ганбаатарын хувьд Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгч биднээс илүү нөлөөтэй. Саяхан Х.Баттулгын намд элсэж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж алдаа гаргаж байгаа харагдсан. Тус намд элсээд зургаан сарын дараа аливаа сунгаанд нэр дэвших эрхтэй болдог юм билээ.

- МАН-тай нэгдсэн танай намын гишүүд албан тушаалд томилогдох уу?

МАХН-ын гишүүд том том зорилт хэрэгжүүлэхэд оролцоно. Иймд тодорхой албан тушаалд оролцоно. Намын ажилд бол 30 орчим хувийн оролцоотой байх квот өгсөн. Намын Удирдах зөвлөлд 8, Бага хуралд 110 хүн очино. Ингээд аймаг, дүүргийн намын тэргүүлэгчийн суудалд тус бүр квот хуваарилсан.  Миний хувьд бол намын ямар нэг албан тушаалд орохгүй. Удирдах зөвлөл болон Бага хуралд орохгүй. Би бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд гол анхаарлаа хандуулна.

-Намын нэр өөрчлөгдөх үү. МАХН гэдэг нэрийг цаашид хэрэглэх үү?

-Нэрний хувьд МАН, МАХН гэдэг хоёр нэрийг хоёуланг нь хэрэглэнэ. Яагаад гэвэл МАН, МАХН гэдэг нэрийг өөр нэгэн хүн аваад үйл ажиллагаа явуулахыг хааж байгаа. МАН, МАХН гэдэг нэр бол түүхэн нэр юм. Энэ нэрийг 1994 оноос хойш хэрэглэсэн нэр учраас хоёуланг нь хэрэглээд явна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.