УБТЗ-ийн зүтгүүрийн 45.2 хувийн ашиглалтын хугацаа дуусжээ
Монгол Улсын худалдааны гол ачааг үүрч буй төмөр замын тээврийн
ачааллын дийлэнх хувийг “УБТЗ” ХНН үүрдэг. Тус нийгэмлэг 137 зүтгүүртэй
бөгөөд үүнээс мэргэжлийн хэллэгээр “хүйтэн нөөц” буюу ашиглах боломжгүй
болсон 23 зүтгүүр байна. Ачаа тээвэрт 46, зорчигч тээвэрт 12 зүтгүүр
өдөр бүр ажилладаг бол үлдсэн хэсэг нь засварт оржээ. Бүр тодруулбал,
тус нийгэмлэгийн нүүт зүтгүүрийн 45.2 хувь буюу 61-ийнх нь ашиглалтын
хугацаа дуусч, 35-аас дээш жилийн насжилттай болжээ.
Нэг зүтгүүр 15 мянган км зорчсон бол бага засвар, 75 мянга, 150 мянган км зорчсон бол урсгал засвар, 300 мянган км зорчсон бол их завсарт оруулах ёстой. Гэвч нөөц зүтгүүр байхгүй тул төмөр замын тээврийг тасралтгүй явуулахын тулд тухай бүрт нь засварт оруулахгүй байсаар бүх зүтгүүрийн гүйлт хэтэрчээ. Тойруу, өгсүүр ихтэй Монголын нөхцөлд гүйлт хэтэрсэн зүтгүүр ажилласнаар шатахууны зарцуулалт, эвдрэл нэмэгддэг байна. УБТЗ нь сэлбэг хэрэгсэл, шинэ зүтгүүрээ гадаадаас ам.доллароор худалдан авдаг. Валютын ханш өсөх нь тус нийгэмлэгийн зардалд ихээхэн нөлөөлдөг бөгөөд зардал нь 2019 нь төлөвлөгөөнөөсөө 21.3 хувиар хэтэрчээ. Бүр тодруулбал, 2018 онынхоос даруй 5 тэрбум 15 сая 835 мянган төгрөгөөр зардал нь өссөн.
Төмөр замын тээвэрт өдөр бүр 8-10 зүтгүүр дутагдаж, нийт зүтгүүрийнх нь 45.2 хувийн ашиглалтын хугацаа хэтэрсэн тул сэлбэг хэрэгсэл худалдан авах, зүтгүүрийг шинэчлэхэд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг УБТЗ-ын Улаанбаатар татах хэсгийн дарга П.Энхмөнх хэллээ.
УБТЗ нийгэмлэг эрчим хүчний хэрэглээний нүүрс, хүнсний бүтээгдэхүүн, зорчигч тээврээс жил бүр 70-80 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг аж. Ийм нөхцөлд шинэ зүтгүүр худалдан авах байтугай сэлбэг хэрэгсэл авахад ч хүндрэлтэй. Гадаадын зүтгүүрийн үйлдвэрүүд сэлбэгээ иж бүрэн эд ангиар нь бус задалж борлуулдаг байна. Ам.долларын ханшийн өөрчлөлтөөс үүдэн өнгөрсөн онд худалдан авсан томоохон сэлбэгүүдийн нийт үнэ 2017-2019 онд 550.4 сая төгрөгөөр өсчээ. Харин ачааны шинэ зүтгүүрийг 4 сая 710 мянга, сэлгээний зүтгүүр 1 сая 210 мянган ам.долларын үнэтэй байгаа гэсэн судалгааг УБТЗ-аас гаргасан байна.
Улмаар алдагдлаа нөхөх судалгааг гаргаж, тээврийн тарифаа 3-30 хувиар нэмэх хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2018 онд хүргүүлж, зөвшөөрлөө авчээ. Одоогоор нэг тонн нүүрсийг нэг км-т 38.6 төгрөгийн зардал гаргадаг ч 30.5 төгрөгний орлого олж байна. Тиймээс энэхүү тээврийн орлого, зардлыг тэнцүүлэх шаардлагатай байгаа аж. Мөн нэг зорчигчийг нэг км-т 30 төгрөгөөр тээвэрлэж байна. Үүнийг 52 төгрөг болгон тээвэрлэхэд төмөр замын салбар алдагдалгүй, балансаа барина хэмээн тооцож байгаа юм. Гэхдээ ул
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.