БНАСАУ улс орнуудыг вакцин нөөцөлж буйг шүүмжилжээ

БНАСАУ улс орнуудыг вакцин нөөцөлж буйг шүүмжилжээ

БНАСАУ дэлхийн зарим улс оронд коронавирусний вакцины нөөц хангалтгүй байхад зарим нь вакцин нөөцөлж буй явдлыг НҮБ-ын чуулганы үеэр шүүмжилжээ.

Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн үеэр БНАСАУ вакциныг дэлхий даяар тэгш хуваарилахад хувь нэмрээ оруулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриалсан байна.

“COVID-19”-ийн вакцин, эмийг гарган авах нь хүн төрөлхтөний ололт амжилт байж болох атал зарим орон хэрэгцээнээсээ илүү их вакцин нөөцөлж байхад зарим нь худалдан авах чадвартаа тааруулан авч ч чадахгүйд хүрээд буй нь тэгш бус байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

БНАСАУ “COVAX” хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сар гэхэд “COVID-19”-ийн 1.7 сая гаруй тун вакцин хүлээн авах төлөвтэй байсан юм. Гэвч “COVAX” БНАСАУ-д “AstraZeneca”-гийн 1.704 сая тун вакцин нийлүүлэх хугацаа хойшлох болсныг мэдэгдсэн билээ.

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны төлөөлөгчийн мэдээлснээр, БНАСАУ-д тусламж үзүүлэх “COVAX”-ийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй ч тус хөтөлбөрийн зүгээс улс орнуудад вакцинжуулалтын төлөвлөгөө гэх мэт бусад бичиг баримтыг бүрдүүлэх шаардлага тавьж буйтай холбоотойгоор хойшилсон бололтой байна.

БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн мэдэгдсээр байгаа хэдий ч өнгөрсөн оны эхэн үеэс хилийн хатуу хяналт тогтоох зэргээр цар тахалтай тэмцэх хатуу арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.