Хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулааны чөлөөлөлт долоодугаар сарын 1-нээр дуусаж байгаа.

Хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулааны чөлөөлөлт долоодугаар сарын 1-нээр дуусаж байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. /2021.06.11/

“Бид хөрөнгө оруулалтыг хүлээх биш, хөрөнгө оруулалтыг угтаж арга хэмжээ авах ёстой. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, улс төрийн хувьд тогтвортой байх ёстой. Дээрээс нь Монгол Улсын зээлжих зэрэглэл, хөрөнгө оруулалтыг шингээх чадвар сайн байх ёстой. Үүнийг бид өөрсдөө бэлдэх хэрэгтэй. Энэ хүрээнд олон улсын санхүүгийн зах зээл дээр гадаад өрийн менежментийн хүлээсэн үүрэг байдаг. Төсөв дээрээ хамгийн бага ачаалал авах ёстой гэсэн үүрэг байгаа.  Монгол Улсын Засгийн газар үүнийг маш сайн хийж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд тодорхой хэмжээнд амласан үүргийнхээ хүрээнд гадаад өрөө багасгасан. 1990 оноос хойш 31 жилийн хугацаанд, дөрөв дөрвөн жилээр нь харах юм бол энэ дөрвөн жилд гадаад өрөө төлөх хамгийн өндөр хариуцлага хүлээж байна.

Тиймээс бид Засгийн газрын өрийн төсөвт үзүүлдэг дарамтыг аль болох багасгах хүүг нь бууруулах, хугацааг нь уртасгах ёстой. Сүүлийн жилүүдэд тогтмол 200-250 сая ам.долларыг жил бүр төлж байгаа. Яг энэ хүрээнд гадаад өрийн менежмэнтийн  хүлээсэн үүргийнхээ хүрээнд  ажиллаж байгаа. Үүний үр дүнд, ковидын үед эдийн засаг хэчнээн хүнд байгаа хэдий ч сая гуравдугаар сард манай улсын зээлжих зэрэглэл сайжирсан.

Төсвийн тодотгол гэдэг нь хүссэн үедээ хийдэг, үзэмжээрээ шийддэг асуудал биш ээ. Төсвийн хуулийн дагуу тодорхой нөхцлүүд бүрдсэн үед төсвийн тодотгол яригддаг. Одоо бол төсвийн жилийн хувьд дөнгөж хагас жил дуусах гэж байна. Ямар ч байсан хагас жилээ дуусгаадхая. Ингээд төсвийн хуулийн хүрээнд ямар нөхцөл байдал бий болох нь уу. Тэрний дараа шийдэх асуудал. Одоогоор төсвийн тодотгол хийх төсөв, санхүүгийн нөхцөл бүрдээгүй байна. Гэхдээ аль болох төсвийн тодотгол хийхгүйгээр тухайн төсвийн жилдээ төлөвлөсөн төсвийн хуулийнхаа  зорилтынхоо хүрээнд ажиллахыг хичээнэ ээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан төрөөс авч хэрэгжүүлж буй Хүүхдийн мөнгөний нэмэгдэл, цахилгаан дулааны чөлөөлөлт зэрэг бүх арга хэмжээ долоодугаар сарын 1-нээр дуусаж байгаа. Энэ бол Засгийн газар,  төсвийн хувьд нэлээн тулгамдсан асуудал. Үүн дээр бид эрсдэлийн шинжилгээ хийж байна. Долоодугаар сарын 1-нээс төсөв яаж явах вэ. Улсын үйлдвэрийн газрууд яаж хичээж ажиллах ёстой вэ. Ямар дэглэм рүү шилжих ёстой вэ.  Хөрөнгө оруулалтууд ямар байх вэ зэрэг асуудлууд байна.  

Ялангуяа сүүлийн нэг жил хагасын хугацаанд авагдсан халамжийн чиглэлийн арга хэмжээнүүд бүгд дуусна. Хүүхдийн мөнгө, цахилгаан, усны төлбөрийн  тэглэлт, өөр олон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, торгууль, авлагуудаа тэглэсэн. Банкны салбарын зээлийн ангилалтай холбоотой шийдвэрүүд гээд бүгдийнх нь хэрэгжих хугацаа дуусна.

Цаашид ковидын нөхцөл байдал эдийн засагт яаж нөлөөлж байна вэ гэдгийг цогцоор нь эрсдэлийн шинжилгээ хийж, цаашаагаа яаж шилжилт хийх вэ гэдгээ тооцоолох ёстой. Шууд ковидын өмнөх тариф суурин дээрээ очих боломж байна уу. Эдийн засаг үүнийг даах боломж нөхцөл, чадамж байна уу гэдэг дээр шинжилгээ хийж байна. Шийдвэр гаргахад хараахан болоогүй байна. Долоодугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар энэ асуудлыг нэлээн нухацтай авч үзнэ.

Их, дээд сургуулиудын хувьд хавтгайрсан тусламж, зээлээр  санхүүжүүлдэг системийг хална. Ерөөсөө л чанар үр дүнтэй нь холбоно. Шалгуур үзүүлэлтүүд тавьж, тэдгээрийг ханган суралцаж байгаа шилдэг оюутнуудад, дээрээс нь нийгмийн захиалгат шаардлагатай мэргэжлүүдээр суралцаж байгаа оюутнуудад зээл тусламж санхүүжилт  өгдөг систем бий болгоно. Зөвхөн тооны хойноос хөөцөлдөж, санхүүжилтийн систем явуулдаг байж болохгүй. Зээл бол санхүүжилтийн систем биш, чанартай боловсон хүчин бэлтгэхэд урамшуулдаг систем байх ёстой” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.