АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 600 мянга давлаа
АНУ-д коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш халдварын улмаас нас барсан хүний тоо 600 мянга давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.
АНУ-д мягмар гаргийн оройны байдлаар “COVID-19” халдварын 33 477 016 тохиолдол илэрч, 600 012 хүн халдвараар нас баржээ. Ийнхүү “COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоо 600 мянга давсан нь улсын хэмжээнд ойролцоогоор 550 хүн тутмын нэг нь нас барсан гэсэн үг юм.
Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д халдвараар нас барсан анхны тохиолдол 2020 оны хоёрдугаар сарын 29-нд Вашингтон муж улсад бүртгэгджээ. Харин түүнээс өмнө Калифорнид хоёр хүн “COVID-19”-өөр нас барсан талаарх мэдээлэл өнгөрсөн хавар гарсан юм.
АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 100 мянгад хүрэхэд 84 хоног, 200 мянгад хүрэхэд 120 хоног, 300 мянгад хүрэхэд 82 хоног, 400 мянгад хүрэхэд 35 хоног, 500 мянгад хүрэхэд 37 хоног зарцуулагдсан бол түүнээс хойш 113 өдрийн дараа 600 мянгад хүрсэн нь энэ юм.
АНУ-аас гадна дэлхийн найман оронд халдвараар нас барагсдын тоо 100 мянга давжээ. Тодруулбал, Бразилд 488 228 хүн, Энэтхэгт 377 031 хүн, Мексикт 230 187 хүн нас барсан байна. Мөн Перу, Их Британи, ОХУ, Францад 100 мянгаас олон хүн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.