Өнөөдөр “Дэлхийн цаг уурын өдөр” тохиож байна
Өнгөрсөн жилийн хувьд “Дэлхийн цаг уурын өдөр”-ийн сэдвийг ДЦУБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн 70 дугаар чуулганаар “Нар, Эх дэлхий, Цаг агаар” хэмээх уриан дор зохион байгуулсан юм. Ийнхүү жил бүр энэ өдрийг тодорхой нэг сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд 2020 онд “Уур амьсгал ба ус” сэдвээр улс орон бүр иргэддээ мэдээлэл өгч, тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.
“Дэлхийн цаг уурын өдөр”-т зориулан ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас улс орнуудад илгээлт хүргүүлжээ.
Уг илгээлтэд: “Цэвэр ус бол хүний амьдралын баталгаа. Хүн усгүйгээр гурван хоногоос илүү амьдарч чадахгүй. Хүнс үйлдвэрлэл, бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд ус зайлшгүй шаардлагатай байдаг төдийгүй байгаль орчны чухал бүрдэл болдог. Өнөө үед дэлхий дахинд үер, ган гачиг, цэвэр усны хүртээмж хангалтгүй байх зэрэг усны асуудал улам бүр нэмэгдэх болов. Усны нөөцийн менежмент, хяналт-шинжилгээ, урьдчилан мэдээлэх ажлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарахын зэрэгцээ ус хэт ихсэх, багасах, усны бохирдлын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Иймд 2020 оны “Дэлхийн цаг уурын өдөр” болон “Дэлхийн усны өдөр”-ийг “Уур амьсгал ба ус” гэсэн нэгэн ерөнхий сэдвийн дор тэмдэглэж байгаа. Энэ сэдвийн хүрээнд уур амьсгал ба усны нөөцийн харилцан уялдуулсан, тогтвортой менежментийг голлон анхаарах юм. Энэ нь тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдлийг бууруулах талаарх дэлхийн зорилтуудын гол цөм юм. “НҮБ ба Усны нөөц”-ийн механизм болон НҮБ-ын бусад гол гол түншүүдтэйгээ хамтран ДЦУБ-аас цэвэр ус, усны эрүүл ахуйн асуудалд чиглэсэн Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтыг хангахад илүү эрчимтэй, далайцтай ажиллах болно. Ус бол XXI зууны хамгийн үнэ цэнэтэй бараа, түүхий эдийн нөөц юм. “Дусал бүрийг тооцож дусал бүрийг хэмнэ”-х үйлст Үндэсний Цаг уур болон Усны албад гол үүргийг гүйцэтгэх ёстой” хэмээжээ.
“Дэлхийн усны өдөр” өчигдөр /2020.03.22/ тохиосон бөгөөд 1993 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Монгол Улсын хувьд цэвэр усны нөөц багатай улс орны тоонд багтдаг төдийгүй хүн амын хэрэглээний усны 80 гаруй хувийг газрын доорх усаар хангадаг. Иймд нөхөн сэргээгдэх боломжтой гадаргынхаа усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцөө хамгаалах нь Монгол Улсын эн тэргүүний зорилт билээ.
Ташрамд сонирхуулахад, Нар бол дэлхий дээрх бүхий л амьдралын эх булаг болох эрчим хүчийг өгдөг бөгөөд цаг агаар, далай тэнгисийн урсгал болон усны эргэцийн хөдөлгөгч хүч болж байдаг. Нар бидэнд сэтгэлийн баяр цэнгэлийг өгч, өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлөн, дуу хөгжим, уран зураг, урлагийн шинэ санаа өгөх сэдэл болдог. Дэлхийгээс ойролцоогоор 150 сая километрийн зайд орших Нар хэмээх од бол манай дэлхийн амьд организмуудыг дулаанаар тэтгэдэг, нарны системийн гол цөм юм.
Энэхүү плазман халуун бөмбөлөг 4.5 тэрбум жилийн туршид дэлхий дээрх амьдрал болон цаг агаар, уур амьсгалыг жолоодогч хүчин зүйл байсаар ирсэн юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд хийсэн хиймэл дагуулын хэмжилтүүдээс харахад нарны эрчим хүчний хэмжээ нэмэгдээгүй бөгөөд сүүлийн үед дэлхий дээр ажиглагдаж байгаа дулаарлыг нарны идэвхжлийн өөрчлөлтөөр тайлбарлах боломжгүй юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.