Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар Засгийн газарт чиглэл өгөв
“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр хуралдав.
Хуралдаанаар Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр болон “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өнөөгийн явц, байдлын талаарх Засгийн газрын ажлын багийн танилцуулгыг сонссон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн зэсийн баяжмалыг борлуулж байгаа гэрээг дотоодын адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж, дүгнэлтийг Түр хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын баг байгуулах саналыг гаргав. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Оюу Толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын багийн төлөвлөсөн зарим ажил хийгдэх боломжгүй байгааг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тэмдэглэв. Мөн уг ажлын багийн санал, дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ирэх намрын чуулган хүртэл сунгах саналтай байгаагаа уламжлав.
УИХ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Түр хороог тухайн ээлжит чуулганы хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол ажиллах хугацааг дахин нэг чуулганы хугацаагаар сунгаж болно.” гэж заасны дагуу ажиллах хугацааг ирэх намрын чуулганы хугацаагаар сунгах саналаа УИХ-д танилцуулна гэдгээ Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хэллээ. Харин зэсийн баяжмалын борлуулалтын гэрээтэй холбоотой асуудлыг Засгийн газарт өгөх чиглэлдээ тусгахаар тогтлоо.
Засгийн газрын ажлын багийн танилцуулгыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хийлээ. Тэрбээр, “Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байна. “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас ажлын баг байгуулагдсан. Уг ажлын баг Рио Тинто болон Туркойз Хилл компанийн төлөөлөгчтэй энэ оны 4 дүгээр сарын 12-нд уулзлаа. Дараагийн уулзалтыг товлосон боловч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч талаас уулзалтыг цуцалж, бичгээр тайлбар ирүүлэхээ мэдэгдсэн. Засгийн газрын ажлын баг хөрөнгө оруулагч талтай хийх яриа хэлэлцээрт хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах зорилгоор ажлын даалгавар боловсруулж, Рио Тинто компанитай илтэд ашиг сонирхлын зөрчилгүй хөрөнгө оруулалтын банк санхүүгийн байгууллагууд, олон улсын хуулийн фирмүүдэд хүргүүлээд байна. Рио Тинто компанийн үйл ажиллагааны цар хүрээ, Оюу толгой компанийн төсөлд санхүүжилт олгосон банк олон байгаагаас шалтгаалан ашиг сонирхлын зөрчилгүй байгууллага төдийлөн их биш байна. Гэхдээ ажлын багаас ирэх сард багтаан нэр хүнд бүхий хуулийн болон санхүүгийн зөвлөхийг сонгон шалгаруулж, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөсөн. Мөн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцлийг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид ирэх сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна. Рио Тинто болон Оюу толгой компаниуд хөндлөнгийн шинжээчдийн судлах шаардлагатай зарим мэдээлэл, тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаагаас хөндлөнгийн хяналт, шалгалтын ажилд саад учирч байгаа ч хугацаандаа багтахаар зорилт тавин ажиллаж байна” гэв.
Харин “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны талаар Монгол Улсын Засгийн газраас гурван асуудлаар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, Рио Тинто болон Туркойз Хилл компаниуд нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй болон Оюу толгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй зэрэг асуудлыг багтаажээ. Сөрөг нэхэмжлэлийг хянан хэлэлцэх, нэхэмжлэгч, хариуцагч талаас тайлбар авах зэрэг ажиллагаа арбитрын шүүхэд маргаан хянан шийдвэрлэх журам, хуваарийг дагуу хэвийн үргэлжилж байна. Арбитрын шүүх хуралдаан 2022 оны 8 дугаар сарын сүүлийн долоо хоногт товлогджээ.
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Түр хорооны хуралдаанаас нэгдүгээрт, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Дубайн гэрээг цуцалж Монгол Улсад учирсан хор хохирлыг барагдуулах, Лондонгийн Арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг үргэлжлүүлэн эрчимжүүлэх, хоёрдугаарт, гэрээ хэлэлцээрийн үр дүнд ахиц дэвшил гарахгүй бол Рио Тинто компанийг хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн асуудлаар арбитрын шүүхэд өгөх асуудлыг судалж, танилцуулахыг Засгийн газарт чиглэл борлгов. Гуравдугаарт, Оюу толгойн зэсийн баяжмалын борлуулалтын гэрээг дотоодын адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж, дүгнэлтийг Түр хороонд танилцуулахыг мөн чиглэл болгосон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.