С.Энхболд: Монгол Улсад дельта вирусний 3 тохиолдол бүртгэгдсэн

С.Энхболд: Монгол Улсад дельта вирусний 3 тохиолдол бүртгэгдсэн

 Монгол Улсад  коронавиурсний дельта хувилбарын гурван тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв. 

Тэрбээр, "Судалгаагаар, зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр хийсэн шинжилгээний сорьцийн үр дүн гарч байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 14 сорьцоос дельта хувилбарын нэг тохиолдол илэрсэн. Мөн гадны улс орнуудад илгээсэн сорьцуудаас дельта вирус илэрлээ. Зургаадугаар сарын 15-наас өмнө гадагшаа илгээсэн 1500 сорьцоос зөөвөрлөгдөж ирсэн дельта виурсний 5 тохиолдол илэрсэн. Өнөөдрийн байдлаар, нийт гурван тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Зарим сорьцын шинжилгээ бүрэн баталгаажаагүй. Энэ долоо хоногт гадагшаа явуулсан сорьцууд баталгаажна. Тухайлбал, Япон улс руу 200 сорьц илгээсэн. Мөн АНУ руу сорьцуудыг илгээлээ. Дельта вирус зургаадугаар сарын дунд үед дэлхийн 93 оронд тархаад байсан бол өнөөдрийн байдлаар, 114 улсад тархсан байна. Маш эрчимтэй тархаж байгаа тул иргэд халдвар хамгааллаа чанд сахиж, дархлаажуулалтдаа зайлшгүй хамрагдах шаардлагатай байна" хэмээв. 

Зургаадугаар сарын 15-наас өмнө хийсэн шинжилгээний 85-90 хувьд альфа вирус давамгайлж байсан бол одоо ч хэвээр байгаа аж. Үлдэж байгаа 10 гаруй хувьд бусад хувилбарын вирус байх магадлалтай гэдгийг өмнө нь мэдээлж байсан хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллийн үеэр тодотголоо. Дельта вирус нь тархах чадвар өндөр бөгөөд эмнэлэгт хэвтэгчдийн тоог илүү нэмэх эрсдэлтэйг дурдлаа. 

Өнөөдрийн байдлаар, 18-аас дээш насны хүмүүсийн 89.5 хувь нь нэг, 78.1 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдаад байна.  Нийт хүн амын 56.6 хувь нь вакцины хоёр тундаа бүрэн хамрагджээ. Энэ тоог энэ долоо хоногтоо 60 хувьд хүргэхээр ажиллаж байна. Вакцины нэгдүгээр тунд 12-17 насны 160 мянган хүүхэд хамрагдсан. Энэ долоо хоногоос 12-17 насны хүүхдийг вакцины хоёрдугаар тунд хамруулах ажил давхар үргэлжилнэ гэдгийг мэдээллээ. 

Монгол Улсад халдвар тохиолдлын тоо сар гаруйн хугацанд тогтвортой нэг түвшинд байж, сүүлийн 14 хоногт 1500-аас доош тохиолдол бүртгэгдэж байгааг онцлов. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.