Замын-Үүд боомтын зөвлөлөөс 700 гаруй жолоочтой гэрээ байгуулжээ

Замын-Үүд боомтын зөвлөлөөс 700 гаруй жолоочтой гэрээ байгуулжээ

Замын-Үүд боомтын зөвлөлөөс Эрээнээс Улаанбаатар хүртэл үйлчилдэг ачаа тээврийн 700 гаруй жолоочтой гэрээ байгуулжээ.

Гэрээнд тус зөвлөлийн энэ сарын 5-ны шийдвэрийн дагуу Эрээнээс Улаанбаатар хүрэх ачаа тээврийн үнийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх зохицуулалт тусгаж байгааг АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Энэ хугацаанд 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн байна. Үүнээс 18 нь Замын-Үүд боомтоор орж ирсэн бөгөөд гэрээнийхээ хүрээнд ажилласан эсэхэд хуулийн байгууллагууд хяналт хийж байгаа. Гэрээг зөрчсөн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг зургаа сар болон түүнээс дээш хугацаагаар түдгэлзүүлэх юм” гэлээ.

Засгийн газраас улс орны стратегийн ач холбогдолтой томоохон үйлдвэрүүдийн зарим ачаа барааг улсын хилээр дараалал харгалзуулахгүйгээр гаргах эрхийг Замын-Үүд боомтын зөвлөлд өгсөн байна. Гэвч УОК-ын Шуурхай штабын албан бичгээр “Эрдэнэт” үйлдвэрт ширмэн хаалт ачих нэрийдлээр зөвшөөрөл авсан 10-31ДГО, 49-04ДГО улсын дугаартай автомашин нь ширмэн хаалтаас гадна зарим төрлийн барилгын материал давхар ачсан зөрчил гаргасан байна. Тиймээс дээрх хоёр автомашины жолооч нарын улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг зургаа сараар хасжээ. Түүнчлэн авсан зөвшөөрлөөсөө өөр нэр төрлийн бараа тээвэрлэсэн 08-31ДГО, 47-39ДГО, 12-97УБИ дугаартай автомашины зөвшөөрлийг мөн хассан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.