Сайншанд-Улаанбаатар чиглэлд нийтийн тээвэр явж эхэлнэ
Дорноговь аймгийн Онцгой комиссын 38 дугаар хуралдаан энэ сарын 18-нд боллоо.
Хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалт болон хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Дорноговь аймгийн оюутан сурагчид, иргэдийг Улаанбаатар руу явах боломжийг бүрдүүлэх, нийтийн тээврээр зорчуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг улс орон даяар наймдугаар сарын 31-нийг хүртэл сунгасантай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан гэж аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяр онцлов.
Иргэд зорчихдоо http://203.26.189.184/ цахим системд бүртгүүлж зөвшөөрөл авсаны дараа Авто тээврийн төвд ирж тасалбараа худалдан авна. Энэ сарын 23-наас эхлэн өдрийн 13.00 цагаас Авто тээврийн төвөөс автобус хөдлөх юм.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд ч автобус явуулахаар болов. Харин Улаанбаатараас Сайншанд чиглэлд автобусыг зорчигчгүй явуулахаар шийдвэрлэжээ.
Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу нийтийн тээврийн үйлчилгээний зардалд өөрчлөлт орж Сайншандаас Улаанбаатар чиглэлд том хүн 31000 төгрөг, хүүхэд 15500, Айраг-Улаанбаатар чиглэлд том хүн 23000 төгрөг, хүүхэд11500 төгрөг, Даланжаргалан-Улаанбаатар чиглэлд том хүн 20000 төгрөг, хүүхэд 10000 төгрөгөөр тус тус зорчих үнийн зохицуулалт хийжээ. Айраг, Даланжаргалан сумаас Улаанбаатар руу зорчих зорчигчид https://eticket.transdep.mn/ хаяг руу хандан тасалбараа худалдан авч болох юм.
"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цаашид нийтийн тээврийг үргэлжлүүлэн явуулах эсэхийг тухай бүрт нь шийдвэрлэнэ хэмээн аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.