БНСУ-д “Дельта” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 13 мянга давжээ

БНСУ-д “Дельта” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 13 мянга давжээ

БНСУ-д өнгөрсөн долоо хоногт коронавирусний илүү хурдан халдварладаг дөрвөн хувилбараар халдварласан 2899 тохиолдол илэрснээс 2874 нь “Дельта” хувилбараар халдварласан байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд коронавирусний хувилбаруудаар халдварласан тохиолдлын нийт тоо 16842-т, Энэтхэгт анх илэрсэн “Дельта” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 13454-т хүрлээ гэж Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Эдгээр үзүүлэлт нь БНСУ-д “Дельта” хувилбар давамгайлан тархах болсныг харуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд коронавирусний тархалтыг хумихад улам хүндрэлтэй болж байна.

Саяхнаас нийслэл Сөүл болон тус хоттой зэргэлдээ оршдог бүс нутгуудад халдварын үзүүлэлтүүд олноор нэмэгдэх болсонд “Дельта” хувилбарын тархалт нөлөөлснөөс гадна улсын бусад нутгаар хурдацтай тархаж болзошгүй байдал ажиглагдах болжээ.

“Дельта” хувилбараас анхны вируснийхээс ойролцоогоор 3000 дахин өндөр вирусний ачаалал илрүүлсэн гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Мөн цаашид халдварын тохиолдлын тоо улам нэмэгдэх төлөвтэй байгааг холбогдох албаны удирдлагууд мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт нарийвчлан шинэчилсэн тохиолдлуудын 90.4 хувиас коронавирусний хувилбарууд илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос /86.9/ өссөн үзүүлэлт болсныг Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. Энэ үзүүлэлт хоёр долоо хоногийн өмнө 85.3 хувьтай байжээ.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 1509 тохиолдол шинээр илэрсний 1470 нь дотоодод халдварлажээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тоо 239 287-д хүрсэн байна.

Эрх баригчид Энэтхэгт анх илэрсэн шинэ хувилбараар халдварласан тохиолдлууд зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд тус улсаас ирэх иргэдэд өөрийгөө тусгаарлахаасаа өмнө тусгаарлах байранд долоон хоног заавал байрлах шаардлага тавьж байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.