АНУ Мадурог барихад тусалсан хүнд 15 сая ам.доллар амлажээ

АНУ Мадурог барихад тусалсан хүнд 15 сая ам.доллар амлажээ

АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхины хууль бус наймаанд буруутгажээ. АНУ-ын хууль зүйн яам тус улсын Дээд шүүхийн дарга, батлан хамгаалахын сайд зэрэг бусад өндөр албан тушаалтнуудын эсрэг мөн хэрэг үүсгэжээ.

АНУ-ын хууль зүйн сайд Уильям Баррын мэдээлснээр, Николас Мадурог баривчлахад хэрэг болох мэдээлэл өгсөн хүнд 15 сая ам.долларын урамшуулал амласан байна. Венесуэлийн удирдагчийг авлига, хэрцгий бодлого явуулж буйд нэг бус удаа буруутгаж байсан ч Мадуро өөрөө үүнийг үгүйсгэсэн билээ.

Венесуэлийн иргэд тунгалаг, хариуцлагатай бөгөөд иргэддээ үйлчилдэг, хар тамхины хууль бус наймаанд оролцдоггүй төлөөллийн засгийн газартай байх эрхтэй гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. Мадуро АНУ-ыг кокаинд живүүлэхийн тулд “Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин” хэт даврагчдын бүлэглэлтэй сүүлийн хорин жил хамтран ажиллаж байна гэж Барр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Үүний хариуд Николас Мадуро АНУ-ын засгийн газар худал зүйлд түүнийг буруутгаж байна гээд АНУ болон Колумбыг Венесуэлийн эсрэг хуйвалдаж буйд буруутгасан байна. Мадуро АНУ Венесуэлийн газрын тосны нөөц баялагт хүрэхийн тулд түүнийг зайлуулахыг хүсэж байна гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.