Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар өнөөдрөөс хугацаагүй суулт зарлаж эхэллээ.
"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж, МУГЖ Т.Ариунаа нар хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, өнөөдрөөс хугацаагүй суулт зарлаж эхэллээ.
"Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндорж хэлэхдээ, “Өнөөдрөөс Улсын ерөнхий прокурорын газрын гадна суултаа эхлүүлж байна. Прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр өгсөн миний гомдлын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага биелүүлэхгүй, ёс зүйн хороог хуралдуулахгүй байна. Тэр бүү хэл миний гаргасан гомдолтой холбоотой Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлтсийн дарга болгон дэвшүүлсэн байна. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж” гээд дараах 2 шаардлагыг тавьж буйгаа хэллээ.
- Ёс зүйн хороог хуралдуулах, ёс зүйн хариуцлага тооц, Ц.Батболд нарын прокуроруудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөл
- Миний компанийг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн хэргийг шүүхэд шилжүүлэхийг шаардаж байн
Харин түүний гэргий МУГЖ Т.Ариунаа хэлэхдээ, “Өнгөрсөн 3 дугаар сард суулт хийсэн түүнийхээ хариуг чамгүй хугацаанд хүлээлээ. Одоо хэрнэ хариу алга. Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц гэрч нь би. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бид амьдарсан. Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучхаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна” гэлээ.
Г.Буяндорж мэдээлэл хийхдээ, "Би 2011 оноос хойш 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэн 409 хоног цагдан хоригдож, 25 тэрбум төгрөгийн эд хөрөнгөө алдсан. Өнөөдөр энэ асуудлыг ярихад бид хоёртой адил цөхөрсөн олон энгийн ард байна. Тиймээс энэ бол нийгмийн асар том эмгэнэл болжээ гэж үзэж байна.
Ганцхан жишээ хэлэхэд, манай компанийн үл хөдлөх хөрөнгийг дээрэмдэж авсан өмгөөлөгч шүүгч болчихсон байна. Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамын хүү Шүрэнчулуун гэдэг залуу өмгөөлөл хийгээд, хоёр тэрбум төгрөгийн өмгөөллийн хөлс авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичүүлж бүхэл бүтэн үйлчилгээний объект авчихсан байна” гэв.
Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээллийн албанаас гарч ирж "Ноёд" группийн ерөнхий захирал Г.Буяндоржтой уулзан дотогш орж ерөнхий прокурор Жаргалсайхантай уулзах санал тавьсан юм. тус саналын хариуд “Өнөөдрөөс эхлэн хугацаагүй суулт зарлаж байгаа учир дотогш орох шаардлага байхгүй гарч ирж уулз” гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.