“Дубай ЭКСПО-2020”-д Монголын өдрүүдэд эхэллээ

“Дубай ЭКСПО-2020”-д Монголын өдрүүдэд эхэллээ

АНЭУ-ын Дубай хотноо үргэлжилж буй дэлхийн “ЭКСПО-2020” үзэсгэлэнд “Монгол Улсын Үндэсний өдөрлөгийг зохион байгуулж байна. ЭКСПО-гийн “Al Wasi” плазад болсон манай улсын өдөрлөгт Монгол Улсаас манай улсын ЭКСПО дахь хэсгийн ерөнхий комиссарын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Дубай ЭКСПО-гийн Ерөнхий комиссарын албаны ажлын албаны дарга Нажийб Муххамад Али, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар өдөрлөгийг нээж үг хэлэв. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ, “Дэлхий нийт цар тахлын хорио хязгаарлалтад орсон хүнд хэцүү цаг үед “Дубайн ЭКСПО-2020” үзэсгэлэн яармаг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх” уриан дор болж буй”-г онцоллоо. Тэрээр дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэж, улс үндэстнүүд онцлог соёл, үнэт зүйлсээ түгээх, ололт амжилт, туршлагаа хуваалцан хамтран ажиллах талбар бий болж байгаа ач холбогдлыг тодотгов.

Өдөрлөгөөр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, үндэсний урлагийн тоглолтыг толилуулав. Өдөрлөгийн шууд дамжуулалтын үеэр МҮХАҮТ-ын мэргэжилтэн А.Ганхүлэг “Дубай ЭКСПО-2020” дахь Монгол Улсын үзэсгэлэнгийн танхим болон тусгайлан зассан асрыг танилцууллаа. Монгол Улс, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Абу Даби хотноо Монгол Улсын ЭСЯ-ыг нээн ажиллуулахаар болсныг өдөрлөгийн үеэр Монгол төлөөлөгчид мэдээллээ. Дубайд болж буй Монголын Үндэсний өдөрлөгийг ГХЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байна.

Өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх “Монгол-АНЭУ-ын бизнес форум”, ажил хэргийн уулзалтыг мөн зохион байгуулж байна. Энд манай улсаас ГХЯ, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, АНЭУ-аас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын холбоо оролцон хамтран зохион байгуулж байна. Монголоос дотоодын ААН-үүдийн төлөөлөл, АНЭУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын холбооны болон олон улсын хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.