Хятад, Оросын цахим хэвлэлийн салбарынханд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалжээ
Энэ оны Хятад-Оросын цахим хэвлэл мэдээллийн форумыг “Харилцан солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааг хөгжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” сэдвийн хүрээнд цахим, танхимын хосолсон хэлбэрээр зохион байгуулжээ.
Форумд оролцогчид Хятад, Оросын цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, ташаа мэдээлэлтэй тэмцэж, цахим орчинд тэгш байдал, шударга ёсыг хамгаалж, хоёр орны найрсаг харилцаанд илүү их хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгааг цохон тэмдэглэсэн байна.
“COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш интернэт нь дэлхийн эдийн засгийг сэргээх, нийгмийн хэвийн дэг журмыг цогцлоох, цар тахлын эсрэг тэмцэлд олон улсын хамтын ажиллагааг сурталчлахад голлох үүрэг гүйцэтгэж байна гэж Хятадын Кибер орон зайн асуудал эрхэлсэн төв хорооны дэд дарга Ню Ибин хэлжээ.
Иймд хоёр орны цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон талт үзлийг тууштай хэрэгжүүлж, олон улсын кибер орон зайн дэг журмыг хамтран хамгаалахын сацуу кибер орон зайд тэгш байдал, шударга ёсыг баталгаажуулж, хоёр орны харилцаа, өргөн хүрээг хамарсан салбаруудын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлжээ.
Оросын Дижитал хөгжил, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн дэд сайд Белла Черкесова хэлэхдээ, "Хоёр орны цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд харилцаа холбоогоо бэхжүүлж, үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй түгээх хэрэгтэй. Ингэснээр хоёр орны ард түмний мэдээллийн эрэлт хэрэгцээг хангах боломж бүрдэнэ" гэв.
Мөн интернэт асар хурдацтай хөгжин хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтэрч байгаагийн хэрээр кибер орон зайн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Хятад, Оросын цахим хэвлэл, интернэтийн салбарынхны хамтран ажиллагаа улам бүр ач холбогдолтой болж байгааг онцлоод, цар тахал дэгдсэнээс хойш газар авч, ихээхэн хохирол учруулах болсон ташаа мэдээлэлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ул суурьтай хандах хэрэгтэй хэмээжээ.
Хятадын “China Daily” сонины ерөнхий редактор Жоу Шучунийн хувьд, Хятад-Оросын Цахим хэвлэл мэдээлийн форумын ачаар сүүлийн таван жилийн хугацаанд хоёр орны цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим салбарынхан хамтын ажиллагааны үр өгөөжийг хүртэж байгааг тэмдэглэн хэлээд, хоёр орны 30 орчим мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллаж, 100 мянга гаруй мэдээ мэдээллийг солилцсоныг эш татжээ.
Мөн хоёр орны цахим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран ярилцлага хийх, хамтарсан номын сан байгуулах зэргээр өндөр чанартай "бүтээгдэхүүн" үйлдвэрлэж, дэлхийн уншигч сонсогчдыг чанартай хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүнээр хангахыг уриалсан байна. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү форумыг “China Daily”, Хятадын Интернэт хөгжлийн сан хамтран зохион байгуулжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.