“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн худалдан авах үйл ажиллагаанд зөрчил байхгүй
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаа, сүүлийн үед сошиалаар цацагдсан гүтгэлэг мэдээллийн талаар тайлбар хийлээ. Мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр өгсөн юм. Тэрбээр мэдээллийн эхэнд “Энэ жил 2019 оны ашгаасаа 29 компани ногдол ашиг хуваарилна гэж Монголын хөрөнгийн биржээс жагсаалт гаргасан. Жагсаалтаас харахад, АПУ ХК 76 тэрбум, Мандал даатгал 2.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилах бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна. Үүнээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж буй хувьцаанд 199.7 тэрбум төгрөгийг өгөх юм. Ногдол ашиг хуваарилах асуудлыг шуурхай, оновчтой зохион байгуулахын тулд ҮЦТХТ, СЗХ болон Төрийн банк, “Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар зэрэг шаардлагатай төрийн болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, тогтмол уулзаж, ярилцаж байна” гэдгийг тодотгож хэлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 325 иргэн биеэр ирж мэдээлэл, зөвлөгөө авсан.
Ингэснээр мэдээллийн төв нээгдсэнээс хойш давхардсан тоогоор 29 мянган иргэн биечлэн ирж, 1800-1072 лавлах утсаар 70 мянга орчим иргэн мэдээлэл, зөвлөгөө авчээ. COVID-19 халдвартай холбоотойгоор иргэд заавал өөрийн биеэр компанийн байр болон бусад газар очихгүй онлайнаар, лавлах утсаар, сошиал сүлжээгээр дамжуулан мэдээлэл зөвлөгөө авах, данс нээлгэх боломжтой болсон билээ. Тодруулбал, Эрдэнэс-тавантолгой аппликейшнийг гар утсандаа татаж эсвэл 1800-1072 утас, www.ett.mn сайт, “1072 Хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк пэйж хуудаснаас хувьцаатай холбоотой бүхий л мэдээллийг авч болно. Мөн 158989 дугаарт мессеж илгээн мэдээлэл авах боломжтой. Тус компаниас ЭТТ аппликейшнийг ашиглах, хувьцааны данс нээх хүсэлтэй 30 орчим брокерийн компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд зарим брокерийн компани фэйсбүүкийн мессенжер ашиглан иргэдийн хувьцааны дансыг нээж байгаа аж.
КОМПАНИ БОЛОН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА
Улсын хэмжээнд COVID-19 халдвартай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зарим үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа хязгаарлагдмал болсон хэдий ч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа 24 цагийн турш тасралтгүй, хэвийн явагдаж байгааг М.Амарбаяр хэллээ. Оны эхнээс гуравдугаар сарын 29-нийг дуустал байдлаар 2.2 сая гаруй тонн нүүрс олборлож, 2.1 сая тонн нүүрс ачиж, 800 шахам мянган тонн нүүрс экспортолжээ. Харин Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт түр зогсоод дахин нээгдсэнээс хойш 22.6 мянган тонн нүүрс экспортолсон байна. COVID-19 цар тахалтай холбоотой нүүрсний үнийн уналтыг урьдчилан тооцоолж, эрсдэлийн төлөвлөгөө гаргасан. УУХҮ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу зохицуулах арга хэмжээ авч ажиллаж байгаа гэнэ.
ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД НЭГ Ч АЖИЛТАН, АЛБАН ТУШААЛТАН ШАЛГАГДААГҮЙ
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой гүтгэлэг, худал мэдээллийг санаатайгаар тарааж байгаа тухайд тайлбар мэдээлэл өглөө. Уг тайлбар мэдээлэлд “Уурхайн катерингийн үйл ажиллагаатай холбоотой тендерт өмнө нь оролцож байсан С гэгч иргэн сайтуудаар худал мэдээлэл тараасан нь тодорхой болжээ. Учир нь энэхүү тендер саяхан дахин зарлагдсан. Тендер шалгаруулалтын хугацаа дуусах болоогүй. Тийм байхад зориуд үнэлгээний хорооны ажилтны нэр хүндэд халдсан мэдээлэл цацаж байгаа нь дарамт үзүүлэх, тендер шалгаруулалтад нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан. Үүнтэй төстэй үйлдэл конвейрийн системийн ТЭЗҮ боловсруулах тендерт мөн гарсан. Тодруулбал, иргэн Мөнхбаяр тендер шалгаруулалт дуусаагүй, дүн гараагүй байхад сонин, телевизээр ярилцлага өгч, худал мэдээлэл цацсан. Үнэндээ бол тухайн иргэний “Си Ар Эм СИ” ХК тендерт оролцсон. Оролцохдоо англи болон монгол хэл дээр материалаа ирүүлнэ гэж заасан байхад хятад хэл дээр материал ирүүлсэн. Мөн тухайн төслийг хариуцан ажиллах этгээд буюу БНХАУ-ын иргэн Жу Жиэн Шинийн “Инженерингийн төслийн менежерийн сертификат”-ын хүчинтэй хугацаа 2013 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дуусгавар болсон буюу мэргэжлийн үнэмлэх нь хүчин төгөлдөр бус байсан зэрэг үндэслэлээр Үнэлгээний хороо татгалзсан. Энэ нь ямар нэг хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлав.
Үргэлжлүүлэн сошиал орчинд тархсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК 260 сая төгрөгөөр автобус худалдаж авсан гэх мэдээлэлд тайлбар өглөө. Энэ үеэр “Уг тендер шалгаруулалт 2018 оны гуравдугаар сард буюу өмнөх удирдлагуудын үед болсон явдал. Тухайн үед захиалагч нэгж төсөвт өртгийг зах зээлийн үнээс өндөр тооцож, тендер зарласан юм билээ. Гэхдээ тендерт оролцсон хамгийн бага үнийн дүнтэй компани шалгарсан байдаг. Энэ тендерийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн автобусыг авахгүй гэж АТГ, Эрүүгийн цагдаа, шүүхэд хандсан. Харин нөгөө тал буюу “Мон тээвэр сервис” компани нэгэнт тендер зарласан бол үүргээ биелүүлж, автобусыг авах ёстой гэж шүүхэд хандсан. Ингээд шүүхдэлцсэн. Харамсалтай нь дээд шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Гэхдээ ЭТТ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Тиймээс хуурамч мэдээлэл тараасан, бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, тендер шалгаруулалт болоогүй байхад тендерийн үр дүнд нөлөөлөх гэж оролдсон гэдэг үндэслэлүүдээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зүгээс тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдийг хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар ханджээ.
Мэдээллийн төгсгөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн худалдан авалтын бүх үйл ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагддаг болохыг онцолж хэллээ. Тендерт хяналт тавьдаг ШӨХТГ, ТХААГ, Сангийн яам, ҮАГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бүхий л худалдан авах үйл ажиллагаа ил тод явагддаг байна. Түүнчлэн компани өөрсдийн хүсэлтээр хуулийн байгууллага болон ТӨБЗГ-т хандан худалдан авалтын үйл ажиллагаандаа тогтмол хяналт шалгалт хийлгэж иржээ. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг KPMG, Ernst&Young гэсэн нэр хүнд бүхий компаниуд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аудит хийдэг аж. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа ажилтан, албан тушаалтан байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.