Чөлөөтийнхөн Станбулын тэмцээнээс дахин алт, мөнгө болон хүрэл медаль хүртжээ

Чөлөөт бөхийн чансаа олгох энэ оны эхний сорилт болох Ясар Догу, Вехби Эмре, Хамит Капланы нэрэмжит олон улсын тэмцээн Туркийн Истанбул хотод 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-д барилдсан ОУХМ Д.Отгонжаргал Бразилын Камила Барбоса /12:2/, АНУ-ын Эрин Симон Голстон /10:0/, Польшийн Анна Лукашиак /6:4/ нарыг тус тус ялж хагас шигшээд Румыны Эмилиа Алинад 6:0-ээр хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөө АНУ-ын Фирнсайд Эми Эннтэй барилдан 12:4-өөр ялж хүрэл медаль хүртжээ.
Мөн “Токио 2020” олимпын хүрэл медальт Б.Болортуяа эмэгтэй 53 кг-д Энэтхэгийн Гелот Пүжа /11:1/, Узбекистаны Кеунимжаева Актенге /11:0/ тус тус давж, АНУ-ын Доминик Оливиа Парришыг цэвэр ялсан бол ОХУ-ын Милана Дадашева 13:8-аар ялснаар Монголын багийн 2 дахь алтан медалийн эзэн болов.
Туркт очсон манай эмэгтэй 4 тамирчин бүгд медаль хүртээд байна. Эрэгтэйчүүдийн 97 кг жинд хүчээ сорьсон Ө.Батзул эхний даваанд Гүржийн Гиви Матчарашвилид 12:1-ээр ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
Харин +125 кг-д зодоглосон М.Лхагвагэрэл Казахстаны Юсүп Батирмурзаев /2:1/, Германы Геннади Кудинович /6:1/, ОХУ-ын бөх Ацамаз Теблоев /4:3/ нарыг тус тус хожиж финалд Туркийн Таха Акгулд 10:0-ээр ялагдаж мөнгөн медаль хүртжээ.
Тус эмцээний эхний өдөр Монголын багаас С.Цэрэнчимэд алт, Х.Болортуяа мөнгөн медаль хүртсэн бол 2 дахь өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртсэнээр нийт 5 медальтай боллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.