Ван И гадаад бодлогынхоо талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв

Ван И гадаад бодлогынхоо талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв

БНХАУ-ын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И даваа гарагт буюу өнөөдөр гадаад бодлогынхоо талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэл өгчээ.

Тэрбээр 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ V чуулганы хүрээнд виртуал хэвлэлийн бага хурал хийж, гадаад болон дотоодын сэтгүүлчдэд улс орныхоо гадаад бодлоготой холбоотой асуултуудад хариулт өгсөн байна.

Украины хямралын талаар

Украины хямралыг шийдвэрлэхийн тулд тайван бөгөөд нухацтай хандаж, маргааныг тайван замаар буюу яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг Ван И холбогдох талуудад уриалжээ.

Орос болон Украины энхийн хэлэлцээг ахиулахад Хятад улс ажил хэрэгчээр хандах болно гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ, “Хятад улс энх тайвны төлөөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд ажил хэрэгчээр хандаж, зуучлал шаардлагатай үед олон улсын хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.

Мөн Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Украинд хүмүүнлэгийн тусламжийг аль болох хурдан үзүүлэхийг зорьж буйг тэрбээр мэдэгдсэн байна.

Хятад-Оросын харилцааны талаар

Хятад-Оросын харилцаа нь нэг нэгнийхээ асуудалд үл оролцох, үл сөргөлдөх, мөн гуравдагч талыг онилохгүй байх зарчим дээр тогтдог гэж Ван И хэлжээ.

Өөрөөр хэлбэл, Хятад-Оросын хоёр талын харилцаа нь  гуравдагч этгээдийн хөндлөнгийн оролцоо бөгөөд маргаанаас ангид гэсэн үг гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

БНХАУ болон ОХУ нь стратегийн хамтын ажиллагаагаа хэвээр хадгалж, шинэ эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлнэ гэж Ван И хэлжээ.

Хятад-АНУ-ын харилцааны талаар

Хятад-АНУ-ын харилцааг зөв замд оруулах хэрэгтэй гэж уг хэвлэлийн бага хурлын үеэр Ван И хэлсэн байна.

Их гүрнүүд өрсөлдөж сөргөлдөх нь зөв сонголт биш бөгөөд АНУ амаар ярьснаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тэрбээр хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Даяаршсан, харилцан хамааралтай болсон энэ дэлхий ертөнцөд БНХАУ болон АНУ хэрхэн зөв зам олж, эв найрамдалтай байх вэ гэдэг нь хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй нэгэн шинэ асуудал бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг хоёр тал хамтран боловсруулах ёстой” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.