БНХАУ-д коронавирусний халдварын 2461 шинэ тохиолдол илэрсэн 

БНХАУ-д коронавирусний халдварын 2461 шинэ тохиолдол илэрсэн 

БНХАУ-д өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 2461 шинэ тохиолдол, шинж тэмдэггүй 1904 тохиолдол илэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 73 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол үлдсэн 2 388 нь дотооддоо халдвар авсан байна. Халдварын хамгийн олон буюу 1 834 тохиолдол Жилинь мужид илэрсэн бол Фүжяньд 113, Гуандунд 74, Шаньдун, Тяньжин мужуудад тус тус 61, Шанхай хотод 57 тохиолдол бүртгэгджээ. Нийслэл Бээжин хотод өнгөрсөн хоногт халдварын долоон шинэ тохиолдол илэрсэн байна.

Хятадын эрх баригчид халдварын шинж тэмдэггүй тохиолдлуудын талаар 2020 оны дөрөвдүгээр сарын эхнээс мэдээлж эхэлсэн юм. Өнгөрсөн хоногт шинж тэмдэггүй 1 904 тохиолдол бүртгэгдсэний 162 нь хилийн чанадаас ирсэн хүмүүс бол 1742 нь дотооддоо халдвар авчээ.

Эрүүл мэндийн хорооны статистик мэдээллээр, Хятадын эх газарт цар тахал дэгдсэнээс хойш коронавирусний халдварын нийт 126 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 4 636 хүн халдварын улмаас нас баржээ. Тус улсад нас баралтын үзүүлэлт өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-наас хойш өөрчлөгдөөгүй байна.

Одоогийн байдлаар Хятадын хэд хэдэн бүс нутагт "COVID-19"-ийн дотоодын дэгдэлт бүртгэгдээд байгаа юм. Халдварын хамгийн хүнд нөхцөл байдал Жилинь (зүүн хойд), Гуандун (Өмнөд), Шаньдун (зүүн) мужуудад, мөн Шанхай хотод ажиглагдаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.