Япон улсын буцалтгүй тусламжийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг ГССҮТ-д хүлээлгэн өгөв.

Япон улсын буцалтгүй тусламжийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг ГССҮТ-д хүлээлгэн өгөв.

Япон Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглүүлж Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгож буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг ГССҮТ-д хүлээлгэн өгөв.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Япон Улсын Засгийн газарт талархлаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны нэр дээр хүлээн авах тоног төхөөрөмж, хэрэгслээс өнөөдрийн байдлаар цусны хийн анализатор, автоклав, унтуулгын аппарат, судас тодруулагч зэргийг хүлээн авч нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд болон улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдэд хуваарийн дагуу олгож, ашиглаж эхэлсэн байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэмдэглэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ, Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт санхүүжилтийн 60 орчим хувийг Эрүүл мэндийн яаманд олгохоор шийдвэрлэж нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг олгож байгаадаа баяртай байгаагаа онцоллоо. Мөн тэрбээр дээрх тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд монгол хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тусламжийн хүрээнд мэс заслын үед хэрэглэх оношилгооны С хэлбэрт рентген аппарат 3, унтуулгын аппарат 1 ширхгийг ГССҮТ-д гардуулан өгсөнд тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах эмнэлгийн хамт олны нэрийн өмнөөс талархлаа илэрхийлэв. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.