БНСУ, Австрали, АНУ-д ажиллах монгол залуус нэмэгджээ
Монгол Улс хөгжиж байгаа орны тоонд зүй ёсоор багтдаг ч нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр олон улсын сүүлийг мушгидаг. Эрдэмтэн, судлаачийн гаргалгаа шаардахгүйгээр харж болох жишээ бол ажиллах хүч зуучлах төвүүдийн тоон судалгаа. Хэдийгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалж зуучлалын төвүүд хаалга барьсан ч энэ жилээс үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлсэн. Үүнийг дагаад Монголоос гадаад руу чиглэх залуусын урсгал нэмэгджээ. Хоёр жил хөл хорионд орсон залуус, сурч хөдөлмөрлөхөөр гадагшаа зорьж байна. Бид ажиллах хүчний нөөц болоод зуучлалын төвд гол төлөв хэдэн насныхан аль улсыг зорихоор хандаж байгаа талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна. Дараах мэдээллийг томоохонд тооцогддог зуучлалын таван компани болох хөдөлмөрийн биржтэй утсаар холбогдож авсан юм.
МОНГОЛ АЖИЛЧИД ӨМНӨД СОЛОНГОСТ ЭРЭЛТТЭЙ БАЙДАГ
Гадаад улс орон руу ажил хөдөлмөр эрхлэхээр зорьж буй нийт хүмүүсийн 50 орчим хувь нь зөвхөн Өмнөд Солонгос руу явахаар виз мэдүүлдэг гэсэн албан бус судалгаа байна. Хөл хориог цуцалснаар тус улс руу богино хугацаанд гэрээгээр явж ажиллах хүсэлтэй иргэд хандах нь ихэсчээ. Энэ талаар БНСУ-ын виз мэдүүлэг, зөвлөгөө өгөх төвүүдээс болон Хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс тодрууллаа.
Өмнөд Солонгос руу виз мэдүүлэх хүн ихэссэнтэй учраас тус улсын Элчин сайдын яамны шинэчилсэн журмын дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс визний хариуг ажлын долоо хоногт гаргах болжээ.
Журамд зааснаар иргэн өөрийн биеэр Солонгосын виз мэдүүлгийн төв болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагад хандах журамтай. Хэрэв татгалзсан хариу авсан бол хариу олгосон өдрөөс хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлэх эрхтэй аж. Он гарснаас хойш тус улс руу виз мэдүүлэх хүмүүсийн тоо долоо хоног тутамд өссөн гэв. Тухайлбал, гуравдугаар сард нэг долоо хоногт багадаа 20-30 хүн виз мэдүүлжээ. Харин энэ сард гэрээт ажилтан татан авахтай холбоотойгоор виз мэдүүлэх хүний тоо 2-3 дахин нэмэгдсэн гэсэн юм. Гэхдээ энэ нь виз мэдүүлэх ганц төвийн тоон мэдээ. Ажиллах хүсэлтэй аяллын 90 хоногийн хугацаатай виз мэдүүлэх иргэд ажилд зуучлуулахыг хүсдэг. Үүнд нь тулгуурлаж тодорхой хэмжээний хөлсөөр боломжит ажлын хувилбарыг төвүүд санал болгож буй.
Тодруулбал, нэг иргэн виз мэдүүлэх, маягт бөглөх, бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэхэд 60-120 мянган төгрөг зарцуулж байна. Харин ажилд зуучлуулах тохиолдолд дээрх дүн дээр 300-500 мянган төгрөг нэмэгддэг аж.
Өмнөд Солонгост гэрээтээр ажиллах хүсэлтэй иргэдийг зуучлалын төвөөс гадна албан ёсоор бүртгэдэг нэг газар бий. Энэ бол Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар. Тус газраас 2022 оны бүртгэлээ энэ сарын 25-28-ны өдөр хийнэ. Урьдчилсан байдлаар бүртгэлийн өдрийг зарлаж байгаа нь шалгалт өгөх хүмүүст хэрэгтэй гэж үзжээ.
Албаны хүний хэлснээр "Нийгмийн сүлжээнд хорооны Хөдөлмөрийн хэлтэс дээр гэрээт ажилчдын бүртгэл хийгдэж байгаа гэсэн мэдээлэл ташаа. Бүртгэлийн хувьд заавар мэдээлэл манай цахим хуудаст байршсан байна. Тодорхой хэмжээний хураамжийг төлснөөр иргэд хэлний шалгалт өгнө. Үүний дараа бусад шалгуурт тохирох эсэх нь чухал. Хэрэв ажиллах хүчний мэдээллийн санд тухайн хүний мэдээлэл орсон бол ажлын санал БНСУ-аас ирдэг” гэв. Тиймээс найдвартай чухалчилж байгаа иргэд ХХҮЕГ-руу холбогдох нь зүйтэй.
Эх сурвалж:News.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.