СЗХ: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна
Санхүүгийн зохицуулах хороо мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, эрсдэлийг тодорхойлох, бууруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын зөвлөмж, стандартыг биелүүлэх чиглэлд шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудыг УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан билээ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон нэр бүхий 13 өргөн мэдүүлсэн хуулиуд нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэвлэгдсэнээр, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлгүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээд койн/токен хэлбэрээр сугалаа, урамшуулал зохион байгуулах, сурталчилгаа хийх, үр шим амлах, худал, төөрөгдүүлсэн мэдээ түгээх, виртуал хөрөнгийг хувьцаа, бусад санхүүгийн хэрэгсэл мэтээр сурталчлах хандлага нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос Харилцаа холбооны зохицуулах хороо, нэр бүхий өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулиудад заасан шаардлагыг биелүүлэх, бүртгэлгүй этгээд виртуал хөрөнгийн арилжаа эрхлэх, үр шим, ашиг амлах, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээ түгээхгүй байх талаар мэдэгдэж ажилласан. Түүнчлэн хууль тогтоомжид заасан шаардлагууд зөрчигдөх, хороонд бүртгэлгүй этгээд шилжилтийн үеийн зохицуулалтыг зөрчиж арилжаа зохион байгуулах, виртуал хөрөнгийг хувьцаа мэтээр нийтэд сурталчилж, хууль бус үйл ажиллагаа үйлдэгдэх эрсдэлт нөхцөл байдлыг илрүүлж нэр бүхий 1 хуулийн этгээдэд мэдэгдэл, 2 хуулийн этгээдэд улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллаж байна.
Дээрхтэй холбоотой асуудал, хууль тогтоомж зөрчигдсөн байж болзошгүй талаарх мэдээллийг Хорооны 51-264444, 51-261113 дугаар, amlctf@frc.mn цахим хаягаар хүлээж авна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.