Самурай бондын төлбөрийг урьдчилж хийх үүрэг өглөө.

Самурай бондын төлбөрийг урьдчилж хийх үүрэг өглөө.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтөөс “Самурай” бондын төлбөрийг хэсэгчлэн шилжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Энэ оны нэгдүгээр сарын 20-ноос хойш Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 201 тэрбум төгрөгийг зээлдэгч нар төлсөн байна. Мөн “Кью Эс Си” компани ойрын хугацаанд 60 тэрбум төгрөг төлөхөө мэдэгджээ.

Сангийн сайд Б.Жавхлан, “Ирэх жил 2 бондын төлбөр хийх ёстой. Ирэх оны 10 дугаар сарын 23-нд “Евро” бондын 500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөг төлнө. Мөн 12 дугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 713 тэрбум төгрөгийн төлбөр төлөх ёстой. Үүнээс онцгой анхаарах ёстой нь “Самурай” бонд. Учир нь энэ бонд Засгийн газрын баталгаатай. Хөгжлийн банк төлж чадахгүй бол Засгийн газар төлнө гэсэн үг. Тиймээс тус банкны чанаргүй зээлийг маш яаралтай төлүүлэх шаардлага тулгарч байна. Энэ оны 12 дугаар сарын 31-ний аудитаар тус банкны тайлан муу гарвал татан буулгах хэмжээнд хүрнэ. Хэрэв чанаргүй зээлийг төлүүлж, тайлангаа сайжруулж чадвал ирэх жил “Евро” бондод дахин санхүүжилт хийж, “Самурай” бондыг хугацаанд нь төлөх боломжтой болно. Ингэж чадахгүй бол олон улсын зах зээлд Монгол Улсын Засгийн газрын асуудал үүснэ. “Самурай” бондын төлбөрийг урьдчилан төлж эхэлснээр Засгийн газар, Хөгжлийн банк хариуцлагатай ажиллаж буйгаа харуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалах юм” гэлээ.

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 260 тэрбум төгрөг нь “Самурай” бондын 30 хувьтай тэнцэж буй юм. Засгийн газар, Хөгжлийн банкнаас энэ жил чанаргүй зээлээс 800 тэрбум төгрөгийг зээлдэгч нараас эгүүлэн төлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Ингэснээр тус банкны тайлан сайн гарах боломжтой хэмээн Засгийн газар үзэж байгаа юм. Улмаар Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит газруудын өрийг хэрхэн төлүүлэхийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр төлөвлөснийг Сангийн сайд мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.