Монгол жүжигчид гадаадын театрын тайзнаа англи хэлээр жүжиг тоглоно
Монгол уран бүтээлчид анх удаа "Далан гурван цаг" бүрэн хэмжээний жүжгийг англи хэлээр 10 гаруй орны театрын тайзнаа тоглоно.
Энэ тухай уран бүтээлчид сэтгүүлчдэд мэдээллээ. Жүжгийг сэтгүүлч, зохиолч X.Наранжаргал бичиж, УГЗ Н.Болд найруулсан бөгөөд жүжигчин Р.Анхням, “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр, орчуулгын киноны жүжигчин Д.Батцэцэг нар дүр бүтээх юм.
Дэлхийн киноны алдартай төсөл "Чонон сүлд" кинонд тоглосон жүжигчин Р.Анхням театрын тайзнаа шинэ дүрээ амилуулах нь үзэгчдийн сонирхлыг татаж байна.
Тэрбээр хэлэхдээ, “Н.Болд найруулагч энэхүү жүжигт тоглох санал тавьсан. Жүжгийн зохиолыг уншихад сонирхолтой санагдсан. Сүүлийн үед бид бие биенээ бага хайрладаг болсон юм шиг санагддаг. Хүнээс хайр хүсэж байгаа мөртлөө буцаад хүнийг хайрладаггүй. Ямар ч шалтгаангүй бие биенээ хайрлавал хүний амьдрал гайхамшигтай шүү дээ. Жүжгийн зохиол миний бодолтой нийцсэн, мөн тайзан дээр гараагүй удсан учир өөрийгөө өөр зүйлд сорьж, өөр зах зээлд гарч үзэхийг хүссэн учраас тоглосон” гэв.
Тус жүжигт 73 цагийн дотор хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах юм. Уран бүтээлчид энэ жил жүжгээ АНУ, Герман, Швед, Орос, Австри, Солонгос, Япон зэрэг гадаадын орнуудад тоглохоор төлөвлөжээ.
Уг жүжиг цаашид гурван жил үргэлжилж, олон улсын театрын уйл ажиллагаануудад оролцох юм. Монголд англи хэлээр театрын шинэ бүтээл төрж байгаа нь аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа манай улсын хувьд олзуурхууштай явдал болж, аялагч, жуулчдад сонирхолтой үзвэр нэмэгдэж байгаа юм.
Дэлхийн театрын олон тайзнаа англиар тавих энэхүү жүжгийг дээжлэн энэ сарын 28-наас монгол хэлээр цөөн удаа “Хүүхэлдэйн театр”-т тоглох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.