Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид СЗХ-д бүртгүүлэх ёстой.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид СЗХ-д бүртгүүлэх ёстой.

УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулиуд энэ оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснийг өмнө нь мэдээлсэн.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Санхүүгийн зохицуулах хороо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмын шаардлагыг хангасан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж, тэдгээрийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх эрх зүйн орчин бүрдсэн юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 4 сарын дараа  Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэж эхлэх зохицуулалт үйлчилж буй.

Тодруулбал, одоо үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд 6 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ны хооронд бүртгүүлэх ёстой.

Тэгэхээр энэ сарын 25-наас эхлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх нь.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулахгүйгээр олон нийтэд виртуал хөрөнгийг санал болгох, худалдахыг, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээх харилцаанд зарим зүйлсийг хориглосон ба зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх юм.

Зах зээлд гарахдаа крипто биржээр дамжаагүй 21 койны хоёрдогч зах зээлийн арилжааг зогсоож буйгаа Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн гуравдугаар сард  мэдэгдсэн юм.

Эрх зүйн орчны зохицуулалтгүй байсантай холбоотойгоор крипто зах зээлийн үйл ажиллагаа идэвхтэй байсан гэдэг нь өнгөрсөн онд нийтдээ 59 койн зах зээлд гарснаас харагдаж буй юм. Түүнчлэн 59 койны 38 нь крипто биржээр дамжин зах зээлд гарсан бол, 21 нь биржээр дамжаагүй учраас ийнхүү хуулийн зохицуулалтаар хоёрдогч зах зээлийн арилжаа нь зогсоогдсон.

Санхүүгийн зохицуулах хорооноос өгч буй мэдээллээр, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх зүйн зохистой орчныг бүрдүүлж, Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага /ФАТФ/, олон улсын стандартад нийцүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж буй юм.

Энэ хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар боловсруулж, урьдчилсан үр дүнг энэ сарын 3-нд танилцуулжээ.

Мөн энэ сарын 10-нд  “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын эрсдэлийн үнэлгээ, холбогдох журам, зааврыг таниулах” хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үндэсний эрсдэлийн үнэлгээг дунджаас дээгүүр гэж үнэлсэн бөгөөд хэлэлцүүлгээр салбарын эмзэг байдлыг 10 хувьсагч, аюул заналын түвшинг 22 хувьсагч, эрсдэлийг бууруулах арга хэмжээг 14 хувьсагчаар тус тус үнэлснийг ажлын хэсгийн төлөөлөл танилцуулж, эрсдэлд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлжээ.

Мөн цаашид виртуал хөрөнгийн салбарын эмзэг байдал, аюул заналын түвшин, эрсдэлийг бууруулах чиглэлээр СЗХ-ноос баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх байр суурийг танилцуулсан байна.

Дээр дурдсанчлан, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан шилжилтийн үеийн зохицуулалт энэ сарын 25-ны өдөр дуусгавар болж, СЗХ-ноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх ажиллагаа эхэлж буйтай холбоотойгоор “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааны журам”-ыг танилцуулж, бүртгүүлэхтэй холбоотой анхаарах асуудлаар мэдээлэл өгчээ.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, виртуал хөрөнгийн салбарт гаалийн болон орлогын албан татвар ногдуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгч, санал солилцсон байна.

Холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэх үүрэгтэй этгээдэд хамаарагдаж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үүргийг хүлээсэнтэй холбоотойгоор Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг танилцуулж, хэлэлцүүлжээ.

Цаашид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын зохицуулалтын оновчтой бодлогыг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, инновацыг дэмжиж, эрсдэлээс урьчдилсан сэргийлсэн тогтвортой экосистемийг бий болгоход төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдэг байр суурь дээр нийт оролцогч санал нэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.