Х.Булгантуяаг ХНХ-ын сайдаар, Б.Тулгыг Боомтын сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг оруулж ирлээ.
Өөрөөр хэлбэл, Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар, Б.Тулгыг Боомтын сайдаар томилох тухай асуудлыг Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд оруулж ирснээ танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр хэлэхдээ Х.Булгантуяаг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Учир нь Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн багц хуулийг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газар, МҮЭ, Ажил олгогч эздийн холбооны гурван талт хэлэлцээрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэ түвшинд гаргах, төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийн зөрүүг арилгах цогц шинэчлэлийг хийхэд Сангийн дэд сайд бөгөөд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй туршлага нь нийцнэ хэмээн үзсэн. Мөн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг эмэгтэй улс төрч удирдах нь илүү дэвшилттэй явдал хэмээн үзэж байгаагаа Ерөнхий сайд онцоллоо.
Түүнчлэн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргын албан тушаалд Б.Тулгыг томилох болсон тухайд түүний Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар төрд ажилласан. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын яриа хэлцлийг ахиулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын ажлын албанд ажилласан туршлагыг нь тус тус харгалзан үзсэн гэж Ерөнхий сайд хэлсэн юм. Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан ба үүний дараа тангараг өргөх ёслол болов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.