БНСУ-ын Гванжу хотод хэлмэгдүүлэлтийн талаарх тусгай үзэсгэлэн болж байна

БНСУ-ын Гванжу хотод хэлмэгдүүлэлтийн талаарх тусгай үзэсгэлэн болж байна

Монголын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Говийн ноён хутагт Данзанравжаагийн музейн үзмэрээр баяжуулсан “Монголын нэн шинэ үеийн түүх: Их хэлмэгдүүлэлт ба Соёлын устгал” тусгай үзэсгэлэнг БНСУ-ын ардчиллын өлгий нутаг Гванжу хотын Азийн Соёлын төвд арваннэгдүгээр сарын 24-нд нээлээ.

Зүүн өмнөд Азийн болон бусад орны төрийн байгууллагуудын төлөөлөл, иргэдэд Монголын хэлмэгдүүлэлтийн түүхийг таниулах, соён гэгээрүүлэх зорилго бүхий тус үзэсгэлэнгийн нээлтэд ноён хутагт Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" дууг эгшиглүүлж олны сонорыг мялаасан юм.

Үзэсгэлэнг нээж, УИХ-ын дэд дарга, Монголын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа хэлсэн үгэндээ, “Монголд ардчилсан хувьсгал ялсан 1990 онд байгуулагдсан хүний эрхийн төрийн хоёр байгууллагын нэг нь Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс юм. Ардчилалтай нас чацуу 33 жилийн түүхтэй тус комисс нь язгуур угсаа, гарал үүсэл, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө, нийгмийн байдлын улмаас улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн, нам, захиргааны байгууллагаас арга хэмжээ авахуулж хэлмэгдэгсдийг цагаатгуулах, тэдний гэр бүлийнхэнд нөхөх олговор олгох, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлж, нэр төрийг нь сэргээн сурталчлахад холбогдох байгууллага, иргэдийг оролцуулах ажлыг Үндсэн хууль, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль, Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан комиссын дүрэм, бусад хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулдаг. Түүхийн хар бараан он жилүүдэд төр засгийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэний амь нас хохирсон явдал Монгол, Солонгос улсын түүхийн хуудаснаа үлдсэн ч цаашид түүхээ эргэн санах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлж, хэлмэгдэгсэд, тэдний ар гэрт хүндэтгэл үзүүлэх нь хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийн үнэт зүйлсийн нэг юм. Манай улс БНСУ-тай “Ардчиллыг бэхжүүлэх” нэг зорилготой. Ардчиллыг бэхжүүлэх механизм нь хүний эрхийн байгууллага, тэр дундаа түүхийн үнэн мөнийг олонд соёл урлагаар таниулах, хүний эрхийг сэргээн баталгаажуулах ажлыг зохион байгуулах ажил нэн чухал” гэдгийг онцоллоо.  

Энэ үеэр Азийн соёлын төвийн Ерөнхийлөгч ноён Ли Канг-Хён, Монголын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Азийн хэлмэгдүүлэлтэд өртсөн улс орнуудын сүлжээ байгууллагад шинээр гишүүнээр элссэнээр цаашид хамтдаа олон хөтөлбөр, үйл ажиллагааг санаачлан, идэвхтэй хамтран ажиллах боломж нээгдсэнийг онцлоод, үзэсгэлэнг амжилттай зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн юм.  

Азийн соёлын төвийн Соёл урлагийн цогцолборт гаргасан тус үзэсгэлэнд Монгол Улсад 1937-1939 оны хооронд олон мянган хүний амийг хөнөөсөн улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн, БНМАУ-ыг удирдаж байсан маршал Х.Чойбалсан тэргүүтэй тухайн үеийн сэхээтэн, чинээлэг гэр бүл, лав хуврагуудын тухай 20 гэрэл зургийг сонирхуулж байна. Мөн “Говийн ноён хутагтын музейн”-д хадгалж буй, тодруулбал тухайн үед Данзанравжаагийн соёл урлаг, сургалтын хөтөлбөр боловсруулан зааж байсан ном, судрууд болон тахиж шүтдэг байсан улаан Жамсран бурхан зэрэг 11 үзмэрийн гэрэл зургийг ийнхүү олны хүртээл болгон бүтэн сарын турш дэлгэж байна.

Соёлын хэлмэгдүүлэлтийн сэдвээр хувийн музейн үзмэрүүдийн гэрэл зургаар хилийн чанадад анх удаа үзэсгэлэн нээлээ, цаашид  музейдээ дэлгэсэн байгаа мянга гаруй үзмэрээсээ сонгон, гадаад орны үзэгчдэд сонирхуулах хүсэлтэйгээ Давзанравжаа музейн захирал, наймдугаар үеийн тахилч А.Алтан-Очир хэлж байв. Тэрбээр, ноён хутагт Данзанравжаагийн үлдээсэн соёлын үнэт өв болох, тахилчдынх нь хадгалж авч үлдсэн 64 авдар эд өлгийн зүйлс байдаг. Хамгийн сүүлийн авдрыг 2017 онд гаргаж ирж байсан, дараагийнхыг нь 2028 онд нээхээр төлөвлөөд байгаа ч тухайн цаг үеийн нөхцөл байдал ямар байхаас хамааран шийдвэрээ гаргана. "Данзанравжаа" судлалын талаар 1991 оноос хойш хэд хэдэн эрдэм шинжилгээний хурал хийж ирсэн байгаа. Өмнө нь ЮНЕСКО-д соёлын эд өлгийн зүйлс бүртгүүлдэг байсан шүү дээ. Энэ удаад хэлмэгдүүлэлтэд өртөж устгагдсанаас үлдсэн түүхийн баримт бичгийг бүртгүүлэх зорилгоо нэг алхам урагшлуулж байгаадаа баяртай байна хэмээлээ. 

Ноён хутагт Данзанравжаа нь 1803-1856 онд говьд амьдарч, Монголын анхны орчин цагийн сургууль, театр, музейг үндэслэн байгуулсан билээ. 1937-1938 оны Оросын коммунист дэглэмийн нөлөөгөөр соёлын их хэлмэгдүүлэлтийн үед Дотоод явдлын яамны харьяа Шашны хэрэг эрхлэх газрын шийдвэрээр Данзанравжаагийн 1500 авдар бүхий соёлын үнэт өв болон хориод сүм хийдийг галдан шатаасан юм. Түүнээс үлдсэн 64 авдар өвийн зүйлийг VI үеийн тахилч Г.Түдэв агуйд нууж, газар булж хадгалан авч үлдсэн бөгөөд тэдгээр бүтээлийн заримынх нь гэрэл зургийг үзэсгэлэнд тавьжээ.

Түүнчлэн, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, ноён хутагт Данзанравжаагийн музей, Азийн соёлын төвтэй хамтран соёлын хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон Данзанравжаагийн үнэт өвийг тодорхойлж, ЮНЕСКО-гийн “Олон улсын баримтат өвийн жагсаалт”-д түүхийн баримт материал болгон бүртгүүлэх, үлдсэн үнэт өв, дурсгалыг хадгалж хамгаалах, олон нийтэд таниулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.