Хөдөлмөрийг хөнгөвчлөх инновацын тоног төхөөрөмжийг танилцуулав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, "Шейр Монгол" ТББ-тай хамтран олон улсад танигдсан хөдөө аж ахуйн шилдэг, инновацлаг тоног төхөөрөмж болох явуулын хонь ноослогч чиргүүл, нарны зайгаар цэнэглэгддэг цахилгаан хашаа, хонь угаах машин, ээмэг болон маркерыг танилцуулгыг хонины аж ахуй эрхлэгч малчид, иргэд, сонирхогчид, аж ахуйн нэгжүүдэд танилцуулах талбайн өдөрлөгийг зохион байгууллаа.
Малчдын цаг хугацаа, хүч хөдөлмөрийг ихээр шаарддаг хонь ноослох ажлыг хөнгөвчлөх зорилгоор “Хонь ноослох сургалт”-ыг Шинэ Зеланд, Австралийн хонь ноослогч шилдэг багш нарыг урьж, энэ онд Монгол орны 7 аймагт 14 удаагийн сургалтыг зохион байгуулж, 250 гаруй малчныг хамруулаад байна.
2022 оноос эхэлсэн энэхүү төсөл нь одоогоор 1000 орчим залууг бэлдсэн төдийгүй Шинэ Зеланд, Австрали улсад цалинтай дадлага хийх боломжийг мөн олгодог юм.
Төслийн зорилго нь хонь ноослох цахилгаан хайч нэвтрүүлэн, хүний нөөц буюу хонь ноослогч, хяргагч нарыг бэлтгэж улмаар хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартайгаа холбон түүхий эдийн кластер сүлжээ бий болгох ажлыг жишиг болгоход оршиж байгаа юм.
Цахилгаан хайчаар хонь хяргах сургалтын гол зорилго:
- Олон улсын стандартаар хонь хяргах чадварт суралцах
- Малчин залуус технологи ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх
- Орлогоо нэмэгдүүлэх
- Тогтмол ажлын байртай болох
- Явуулын хонь хяргах баг, үйлчилгээ үзүүлэн орлоготой болох,
- Ноосны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах гэх мэт олон давуу тал, боломжууд бий болох юм.
Угаалгын тоног төхөөрөмж нь өндөр даралтат угаалгын шингэнээр 8 талаас нь хонь, ямааг угаах бөгөөд зай талбай бага шаарддаг, арьс, үсэнд хүртээмжтэй байдгаараа давуу талтай.
Нарны зайгаар цэнэглэгддэг цахилгаан хашаа нь тусгаарлагдсан бүс байгуулах, тариалангийн талбайг хашиж хамгаалах, хээрийн зэрлэг ан амьтнаас малаа хамгаалах зэрэг олон зориулалтаар ашиглах боломжтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.