УИХ-ын сонгуулиар 40 мянган төрийн албан хаагч ажиллаж байна

УИХ-ын сонгуулиар 40 мянган төрийн албан хаагч ажиллаж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах ажиллагааг бүрдүүлэхээр нийт 40 мянган төрийн албан хаагч ажиллаж байна.

Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23 500, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2 564, Цагдаагийн 12 мянган алба хаагч, Онцгой байдлын 100 алба хаагч нар хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа аж.

Энэ удаагийн сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 259 ажиглагч ажиглаж, олон улсын 12 агентлаг болон дотоодын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагч нар мэдээллийг шууд дамжуулж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгууль зохион байгуулах бүхий л үйл явцыг оролцогч талууд, ажиглагчид, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй зохион байгуулж байна.

Сонгуулийн ерөнхий хороо 11:40, 17:00, 21:00 цагаас сонгогчдын ирц болон зохион байгуулалттай холбоотой мэдээллийг дамжуулах юм. Оройн 22:00 цагаас санал хураах үйл ажиллагаа тасалбар болж, өнөөдөртөө багтаж үр дүнг урьдчилсан байдлаар зарлана.

Манай улс 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 онд парламентын сонгууль зохион байгуулж байв. ЭХ СУРВАЛЖ https://montsame.mn/mn/read/346849

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.