ТЕГ-ын ажилтан тэргүүтэй МӨНГӨ УГААХ гэмт бүлэглэлийг илрүүлжээ
Татварын ерөнхий газрын ажилтан ... гэгч өмнө нь татварын байгууллагад ажиллаж байгаад халагдсан иргэдтэй бүлэглэн, Монгол Улсын төсөв бүрдүүлэлт, засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуй нэгж үүсгэн байгуулж, 300 орчим аж ахуйн нэгжид 470 орчим тэрбум төгрөгийн хий бичилт бүхий санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлгийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.
Тус бүлэглэл нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж, их хэмжээний хууль бус орлого олж, улсад ногдох татварын хэмжээг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрснийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйл /Татвар төлөхөөс зайлсхийх/-д татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Сурвалж: https://news.zindaa.mn/4y64
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.