Б.Батцэцэг: Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх СОР17 бага хурлыг зохион байгуулна

Б.Батцэцэг: Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх СОР17 бага хурлыг зохион байгуулна

Азербайжан Улсын Баку хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-СОР29 бага хурлын Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож Монгол Улсын байр суурийг илэрхийллээ. Тус хуралд Ерөнхийлөгчийн түвшинд оролцох нь ямар ач холбогдолтой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх СОР29 хурлын Дэлхийн түвшний удирдагчдын Дээд хэмжээний уулзалтад үг хэллээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсноосоо хойш дөрөв дэх жилдээ Уур амьсгалын өөрчлөлтийн төлөөх санаачилгад нэгдэж Монгол Улс өөрийн байр суурийг илэрхийлж, өндөр түвшинд оролцож, үүрэг амлалт авч байна. Ерөнхийлөгчийн түвшинд оролцоно гэдэг өөрөө Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал ач холбогдол өгч, өөрийн хувь нэмрээ оруулж байгааг илэрхийлж байгаа юм. НҮБ-аас зохион байгуулж байгаа улс орнуудад ач холбогдол өгч, санаачилгад нэгдэж байгаагаа илэрхийлж буй нэг хэлбэр юм. Бид амлалтаа биелүүлэх, жил бүрийн COP хурлын үеэр тунхагласан эцсийн баримт бичигт заасан заалтуудыг хэрэгжүүлэх, яриа хэлэлцээрийнхээ үйл ажиллагааг уялдуулах зэрэг олон талын ач холбогдолтой.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуралд хүрэлцэн ирж оролцсоноороо 100 гаруй улсын төрийн тэргүүн, гадаад харилцааны сайд нартай уулзах боломжтой болж байгаа юм. Хоорондоо уулзаж, санал солилцох боломжтой болдог. Төрийн айлчлал хийхэд их хэмжээний зардал гардаг ч энэхүү арга хэмжээний үеэр тэдэнтэй уулзаж, асуудлаа шийдэх боломж бүрдэж байна. Жишээлбэл, манай Ерөнхийлөгч олон улс орнуудын Ерөнхийлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Цаашлаад бидэнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлж чадаагүй зарим улс орны Ерөнхийлөгчидтэй уулзах зорилгоо зуун хувь биелүүлнэ. Энэхүү боломжоо бид хоёр хоногийн дотор дээд зэргээр ашиглана. Бүхий л түвшний уулзалтуудаа зохион байгуулна.

-Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх СОР17 бага хурлыг зохион байгуулах тухай дурдлаа. Энэ талаар тодруулбал?

-Монгол Улс 2026 онд цөлжилттэй тэмцэх чиглэлд маш идэвх санаачилга гаргаж, COP17 хэмээх Цөлжилтийн эсрэг бага хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулна гэдгийг Ерөнхийлөгч илэрхийлсэн. Цөлжиж байгаа дэлхийн олон орныг Монгол Улсад ирүүлж, энэ чиглэлийн олон улсын эрдэмтдийг урих, судалгаа шинжилгээний илтгэл танилцуулах, хурлын бэлтгэлийг НҮБ-тай хамтарч зохион байгуулах, хурлын бэлтгэлийг өндөр түвшинд хангаж байгаа тухайгаа хэлсэн.

Манай улс бэлчээрийн мал аж, ахуйтай, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд багагүй нэрвэгдэж байгаа орон. Хөгжиж байгаа орнуудын хувьд нэлээн сорилттой байдаг. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулах төсөв тун бага, энэ хэрээр илүү хохирол амсдаг. Тиймээс хөгжсөн орнууд илүү төсөв тавьж, ингэснээр бэлчээрийн мал аж ахуйтай, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нэрвэгдэж байгаа 100 гаруй орны нийтлэг эрх ашигт нийцнэ гэх санааг илэрхийлсэн.

Мөн Монгол Улс уламжлалаараа байгаль дэлхий, мал амьтадтай харьцаж, хоршиж амьдарч сурсан нүүдэлчин ард түмэн гэдгээ үргэлж илэрхийлж, үүгээрээ дэлхий ертөнцөд байгаль эхтэйгээ зөв харьцахыг уриалж байдаг юм. 

-Бусад орны Ерөнхийлөгч нар ямар асуудал дэвшүүлж байна вэ? 

-Энэ жилийн хувьд 70, 80 орны Ерөнхийлөгчид оролцож байна. Тал нь шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь жил бүр ийнхүү цуглаж хуралддаг, амлалт өгдөг ч бодит үр дүн бага байна, үнэлж дүгнээч гэдгийг хэлж байна. Ядуу, буурай, эдийн засаг багатай улс орнууд яаж ч чадахгүй байна, ямар ч ахиц дэвшил гарахгүй байна. Нийтлэг гаргасан шийдвэрүүдээ ижил тэгш хэрэгжүүлэх боломжид анхаарах шаардлагыг улс орнууд тавьж байна. Илүү бодит үр дүнд чиглэж байна гэж хэлж болохоор байна.

-Манай улс ДНБ-ийнхээ дөнгөж 1 хувийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулж байна. Үүнийг 50 хувьд хүргэж өгсөх шаардлагатай гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа. Үүнийг өсгөх шаардлага, боломж хэр байна вэ?

-Өсгөх зайлшгүй шаардлагатай. Төсвөө юунд, хэдэн хувийг нь зарцуулж байгаа нь улс орон бүрийн хувьд харилцан адилгүй тулгарч байгаа сорилтын нэг юм. Үүнийг илэрхийлснээрээ бид цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд, дэлхий дахин хувь нэмрээ оруулахад тодорхой хэмжээний төсөв төсөвлөх хэрэгтэй гэдэг улс төрийн шийдвэрийн тухай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр бид энэ COP17 буюу Цөлжилттэй тэмцэх хурлыг 2026 онд зохион байгуулахын тулд асар их зардал гаргах шаардлагатай.  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд тодорхой хэмжээний төсөв тавигдсан. Бид үүнийг хоёр, гурван жилдээ хуваагаад бүхий л байгууллагын зохион байгуулалтын зардалд зориулна. Үүнийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр гэж үзнэ. 

Бид “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” зэрэг томоохон төсөлд төсвөө нэмэгдүүлж байгаа.  “Тэрбум мод” төслийн хүрээнд бид 70 сая орчим мод тариад байна. Үүнд бид бас хөрөнгө зарж байгаа. Өөрөөр хэлбэл, хөгжиж байгаа орнууд дунд бид харьцангуй өөрсдийн боломжоор зардлаа нэмэгдүүлж, хувь нэмрээ оруулж байгаа гэдгээ олон улсад илэрхийлж байгаа юм. 

Манай улс далайд гарцгүй хөгжиж буй орон. Ийм статустай 32 орон бий. Үүн дотроо бид харьцангуй манлайлалтай, санаачилгатай байхыг эрмэлздэг. Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээүй далайд гарцгүй орон гэж байхгүй. Далайд гарцгүй орнуудын гуравдугаар бага хурлыг Ботсвана улсад энэ жил 12 дугаар сард зохион байгуулна. Манай улс үүнд хамтарч ажиллана, туршлага солилцоно, сайн туршлагаа санал болгоно. Тиймээс энэ хуралд бид өндөр ач холбогдолтой оролцоно.

-Бусад улсын Ерөнхийлөгч нараас багагүй шүүмжлэл гарч байна гэлээ. Тэгвэл нөгөө талаас энэ нь хэр эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна вэ?

-Янз бүрийн өнцгөөс шүүмжилж байгаа нь дэлхийн аюулгүй байдал, геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдалд үүсэж, дайны гал ассан үе тохиож байна. Тиймээс байгаль орчиндоо анхаарах нь багасаж, илүү зэвсэг нийлүүлэлт, аюулгүй байдлын талд хөрөнгө зарж байгаа нь олон оронд тохиолдож байна. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлтөө орхиж болохгүй.

Хоёрдугаарт амлалт өгсөн улс орнууд төсвөө зөв хуваарилахгүй байна. Санаачилсан зүйлсээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг шүүмжлэл нь улс орон бүрт дараагийн удаа үйл ажиллагаандаа дүгнэлт хийх шаардлага үүсэж байна. Өмнөх жилүүдэд хурц шүүмжлэл бага байсан. Ирэх жил амлалтаа биелүүлэх, үр дүн гаргах талд түлхүү анхаарч ажиллах байх гэж бодож байна. НҮБ ч мөн үүнд хяналт тавьж ажиллах болов уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 2024-11-13

Т.Мөнхсайхан: Эмнэлгүүд үр ашиггүй, шаардлагагүй шинжилгээ их хийж байна 2024-11-13

Иргэдийн мэдээллийг алдахгүйн тулд кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай байна 2024-11-13

“Талын түмэн адуу” фестиваль болно 2024-11-13

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна 2024-11-13

Б.Батцэцэг: Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх СОР17 бага хурлыг зохион байгуулна 2024-11-14

Засгийн газрын 1111 төвд цахим операторын үйлчилгээ нэвтрүүлнэ 2024-11-14

У.Хүрэлсүх: Уулсын экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр онцгой анхаарч байна 2024-11-14

Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж шуурна 2024-11-14

Цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг шинэчиллээ 2024-11-15

Хотын даргын баталсан журмыг хүний эрх зөрчсөн агуулгатай байна гэжээ 2024-11-16