АНУ оюутны визийн ярилцлагад цаг олгохыг зогсоожээ.

Д.Трампын засаг захиргаа АНУ-д сурахаар оюутны виз хүсэгчдэд ярилцлагын цаг товлохоо зогсоохыг хилийн чанад дахь ДТГ-ууддаа үүрэгдсэн байна. Гадаад оюутнуудыг нийгмийн сүлжээгээр дамжуулж шалгах үйл ажиллагааг Төрийн Департментаас өргөжүүлэхээр зэхэж байгаатай энэ нь холбоотой гэдэг талаар Ройтерс, Политико зэрэг хэвлэлүүд энэ байгууллагын дотоод сүлжээн дэх мэдээлэлд тулгуурлаж мэдээлсэн байна.
Оюутны виз авахаар болон солилцооны хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргаж байгаа оюутнуудын нийгмийн сүлжээг шалгах журмыг шинэчилж дуустал консулын хэлтсүүдийг шинээр ярилцлага товлохоо зогсоохыг зөвлөмж болгосон. Гэхдээ хэдийн цаг авсан ярилцлагуудыг одоогийн журмаар явуулж болно гэдгийг ТНБД Марко Рубио дотоод сүлжээндээ зарласан байна. Цагаачлалыг эрс хумих Трампын хатуу бодлогын хүрээнд Америкийн засаг захиргаа оюутны визийг цуцлах, албадан нутаг буцаах зэрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхтэй давхцаж энэ шийдвэр гарч байна. Төрийн Департаментын төлөөлөгч Тэмми Брюс энэ тухайд тайлбар өгөөгүй боловч АНУ нутагт нь хөл тавих гэж байгаа хэн бүхнийг сайтар нягталж шалгахын төлөө боломжит бүх арга хэрэгслийг ашиглана гэж мэдэгджээ.
Америкийн зарим элит их сургууль, коллежийг хэт зүүний үзэл, еврейн эсрэг үзэл хандлага барьж байна гэдэг үүднээс Трамп нэг төрлийн тэмцэл өрнүүлж, АНУ-ын ууган бас хамгийн чинээлэг Харвардын их сургуулийг энэ тэмцлийнхээ гол бай болгосныг хэвлэлүүд дурдаж байна. Палестинчуудыг дэмжиж, Газын зурвас дахь Израилын ажиллагааг шүүмжилдэг гадаад оюутнууд, мөн ногоон карт эзэмшигчдийг АНУ-ын гадаад бодлогод харшлах үйл ажиллагаа явуулж, ХАМАС-ыг дэмждэгт буруутгах үндэс болохыг Трампын засаг захиргааны албаныхан өмнө нь мэдэгдэж байсан.
Шүүмжлэгчид харин Трампын энэ бодлогыг АНУ-ын Үндсэн хуулийн нэгдэх нэмэлт өөрчлөлтөөр баталгаажуулсан үг хэлэх эрх чөлөөнд халдаж байна гэж буруутгадаг. Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Дотоодын Аюулгүй байдлын яам хүчирхийлэл, еврейн эсрэг үзэл хандлагыг өөгшүүлдэг гэдгээр Харвардын их сургуулийн гадаад оюутан сургах зөвшөөрлийг цуцалж энд суралцагчдын 27 хувь буюу 7000 орчим гадаад оюутны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан. Америкийн Холбооны шүүх засгийн газрын энэ шийдвэрийг хэлэлцэж шийдвэрлэх хүртэл түр хориг тогтоогоод байгаа юм. Ийнхүү оюутны виз олголтыг түр зогсоосноор ирэх зун болон намар хичээл сургалтад хамрагдах коллеж, бэлтгэл курс солилцоогоор суралцах бусад оюутнуудад багагүй чирэгдэл учруулж болзошгүй. Цаашлаад олон улсаас Америкт очиж сурах оюутны тоо багасаж улмаар их сургуулиудын төсөв хөрөнгөд ноцтой доголдол учруулж болзошгүйг салбарынхан нь тэмдэглэж байгаа юм байна.
Эх сурвалж mnb.mn
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.