Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.05.29)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрээр хэрэгжүүлэх “Эрчим хүч-3 төсөл” бол Багануур-Чойр чиглэлийн 188 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВ-ын хоёр хэлхээтэй болгох, Багануурын болон Чойрын дэд станцуудыг өргөтгөх ажил юм. Уг зээлийн хэлэлцээрийг Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод энэ оны нэгдүгээр сард тус бүр хэлэлцэн дэмжсэний дагуу хоёрдугаар сарын 05-нд гарын үсэг зурсан бөгөөд төсөл “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтуудтай нийцэж байгаа гэдгийг Сангийн сайд илтгэлдээ дурдав.
“Эрчим хүч-3 төсөл”-д зориулан Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 47.0 сая ам.долларын зээл нь 30 жилийн хугацаатай, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү /СОФР/ дээр 1.44 хувийн нэмэгдэл бүхий хүүтэй юм. Мөн тус банк үйлчилгээний шимтгэлд зээлийн дүнгийн 0.25 хувийг авах ажээ. Төсөл 2025-2029 онд буюу таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн нэгжийн 840.0 мянган ам.долларын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тооцсон байна. Мөн Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу зээлийн хөрөнгийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөжээ.
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Х.Жангабыл, Л.Энхнасан, С.Эрдэнэболд, Д.Ганбат нар төслийг дотоодын аж ахуйн нэгжтэй хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжийг судалсан эсэх, Өмнөговь аймгийн Гурвантэс сум БНХАУ-аас цахилгаан эрчим хүч авч байгааг болиулж, аймгийн төвтэй холбог боломж бий эсэх, төслийн танилцуулгад буй алдаатай агуулгыг засах, Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн агаарын шугам ашиглалтад орох хугацаа, Багануур-Чойрын шугамын алдагдлын хувь, тооцоо, төсөл хэрэгжсэнээр алдагдлын хэмжээ буурах эсэх, трансформатор, цахилгаан сатнцын тоноглолууд чанарын шаардлага хангаж байгаа эсэх, цаашид нарны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай чиглэлийн цахилгаан дамжуулах шугам барьж эхлэх хугацаа, өмнө авч байсан бусад зээлийн нөхцөл, шаардлагын ялгаа, Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангасан эсэх, эргэн төлөх хугацаанд хүү нэмэгдэх, өөрчлөлт орох эрсдэл бий эсэх, дотоодын аж ахунй нэгжээр төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэх, эрчим хүчний бие даасан байдал, үндэсний аюулгүй байдлын хүрээнд хэрэгцүүлэх цуврал төсөл, бие даасан байдлыг бүрэн хангах талаарх зураглал, төлөвлөгөө бий эсэхийг, мөн 10 аймагт дулааны цахилгаан станц барих төслийн явц, хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг удсын төсвийн зарлагын дээд хязгаарт тулсан гээд гадаадаас авсан зээл, тусламжуудаа ашиглаж чадахгүй байгааг хэрхэх талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал мөн энэ талаар хөндөн асууж, таван жилд санхүүжилт авч ашиглах хуваарийн талаар тодруулж, төслийн гүйцэтгэгчийг хэрхэн сонгон шалгаруулах талаар лавлалаа. Тэрбээр олон улсын зээл, тусламжаас авч хэрэглээгүй байгаа санхүүжилтэд хүү, төлбөр төлж буйг зогсоох нь зүйтэй гэсэн санал хэлсэн юм. Ялангуяа санхүүжүүлэгч талаас сонгосон гүйцэтгэгчийн буруугаас ажил зогссон тохиолдолд үлдэгдэлд төлж байгаа хүү, төлбөрийг зогсоох нь зүйтэй гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ТЭЗҮ-д буюу өндөр үнэд суурилж зээл авах нь буруу гээд зураг төсвийн дүнд суурилж зээл авах нь зүйтэй гэсэн юм. Зээлийн дүн хэрэгжүүлэх ажилтайгаа харьцуулахад өндөр байгааг тэрбээр сануулж, олон улсын жишгээр 1.0 км цахилгаан дамжуулах сүлжээг 200.0 мянган ам.долларын өртгөөр хийж байгааг мэдээлж, үүнээс өндөр буюу нэгж км сүлжээг 254.0 мянган ам.доллараар барих ажлыг дахиад гадаадын компаниар гүйцэтгүүлэх нөхцөл бий болж байгааг шүүмжилсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат зээлийн хэлэлцээрийг дэмжихгүй байгаагаа мэдэгдэж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн болон сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг дэмжи хөгжүүлэх бодлогыг дэмжихгүй байгаа хачирхаж байгаагаа илэрхийлэн, айл өрхүүд сэргээгдэх эх үүсвэрээр эрчим хүчийг өөрийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлээд илүү гарсан хэсгийг төвийг эрчим хүчний системд нийлүүлэх бодлогыг дэмжихгүй байгаагаас банкууд дээр 1.0 их наяд төгрөгийн ногоон зээл түгжигдээд байна гэлээ. Үүнээс айл өрхүүд сард 500.0 мянга орчим төгрөгийн орлого олох боломж байгааг тэрбээр танилцуулж, дутаад байгаа эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх бололцоо байгааг ярьсан юм. Мөн тэрбээр гадаадын зээл, тусламжийн хэмжээ хэтэрхий өндөр болоод байгааг сануулж, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий аймгийн сэргээгдэх эрчим хүчний төв байгуулах төслүүддээ хөрөнгө оруулах шаардлагатайг дурдав. Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг танилцуулахыг хүсэж, санхүүжилтыг авах болон буцаан төлөх графикт цаг хугацааны зөрүү байгааг засах, төсөл хэрэгжүүлэх нэгжийг Эрчим хүчний яамны дэргэд бус “Эрчист Монгол” компанийн дэргэд байгуулах нь зүйтэй эсэхийг асууж, зээлийн гэрээний хавсралтад Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэнийг засахыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга хэлэлцээрийн монгол хэлээрх орчуулга хангалтгүй байгааг жишээгээр анхааруулж, баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү буюу СОФР хүүг өдөр бүр зарладгийг сануулан, энэ хувьсах хүүгээр тооцохдоо хэрхэн тооцохыг хэлэлцээрт тодорхой дурдах шаардлагатай гэв. Мөн үйлчилгээний шимтгэлийг банк нэг удаа авах уу, олон удаа юу гэдгийг тэрбээр асууж, зээлдэгч буюу манай улсын талд оногдуулсан олон үүргүүдийг биелүүлж чадахгүй байх тохиолдолд ямар хариуцлага хүлээх талаар асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа Сангийн сайд Б.Жавхлан 2025 оны батлагдсан төсөвт ашиглавал зохих хүлээгдэж байгаа 12.0 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн дүнгээс 1.5 их наяд төгрөг суусан гэдгийг мэдээлж, энэхүү хэлэлцээр соёрхон батлагдлаа гэхэд энэ ондоо төслийн бэлтгэл ажлыг хангах хэмжээний санхүүжилт гарна. Энэ нь 1.0 сая орчим ам.доллар болох бөгөөд үүнийг улсын төсөвт суусан 1.5 их наяд төгрөг дотор багтаана гэлээ. Цаашид 46.0 сая ам.долларын санхүүжилтийг ирэх жилүүдийн төсвийн багтаамжид тохируулан, ихээхэн шахцалдуу байдалтайгаар санхүүжүүлээд явна гэсэн юм. Мөн тэрбээр Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон хөрөнгө оруулалтууд хүлээгдэж байгааг онцолж, нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэх бодлогыг Засгийн газар баримталж буйг дурдсан юм. Түүнчлэн Сангийн сайд эрчим хүчний суурилагдсан эх үүсвэрүүдээс цахилгаан дамжуулах агаарын шугамын хэрэгцээ 1842 км байгааг дурдан, “Эрчим хүч 3 төсөл”-өөр үүний 10 хувийг хийнэ гэсэн юм. Мөн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан Засгийн газрын өр 2015 онд 90 хувьд хүрчихсэн байсан бол өнгөрсөн жилийн эцэст 41.8 хувь болж хоёр дахин буурсан гэдгийг танилцуулсан юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мөн эрчим хүч бол нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал учир Байнгын хорооны гишүүд зээлийн хэлэлцээрийг дэмжсэн гэсэн хариултыг өгч, хэрэгжүүлж чадахгүй байгаа төслүүдийн хувьд Засгийн газар төслүүдээ эрэмбэлээд, хэрэгцээгүй төслүүдээ болих нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүч 3 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт ашиглаагүй санхүүжилтэд дөрвөн жил хүү, төлбөр төлөхгүй гэсэн заалт тусгасныг танилцуулж, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк төсөл хэрэгжүүлэгчийг олон улсын тендерээр шалгаруулдаг журамтай гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын дарга Ч.Дондогмаа зээлийн гэрээнд хоёр төрлийн шимтгэл төлөхөөр тусгагдсаны нэг нь зээл авах үед төлөх нэг удаагийн шимтгэл юм гэсэн тайлбарыг Улсын Их Хурлын гишүүдэд өгч, энэ нь зээлийн нийт дүнгийн 0.25 хувь буюу 117.0 мянган ам.доллар болохыг танилцуулсан юм. Хоёр дахь буюу хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамжийн шимтгэл мөн 0.25 хувь бөгөөд үүнийг 2029 оноос хойш зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл байх тохиолдолд төлнө гэлээ. Мөн тэрбээр АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас зарладаг баталгаат овернайт санхүүжилтийн хувьсах хүү буюу СОФР хүүг олон улсын гэрээнд 2022 оноос хэрэглэж байгааг дурдаад, өдөр болгон тогтмол шинэчлэгддэг энэхүү хувьсах хүү өөрчлөгдөх болгонд манай улсын хагас жил тутам төлөх хүүгийн хэмжээ өөрчлөгдөнө гэдгийг тайлбарласан юм. Одоогийн байдлаар СОФР хүүгийн хэмжээ 4.3 хувь байгаа бөгөөд зээлийн гэрээнд тусгагдсан 1.44 хувийн нэмэгдлийн оролцуулаад “Эрчим хүч 3 төсөл”-ийн зээлийн дараагийн хагас жилийн хүү 5.7 хувь байх юм.
Зээлийн хэлэлцээр техникийн алдаатай байгаа тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, санал хураах боломжгүй хэмээн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж, уг техникийн алдааг засаад Засгийн газраас албан ёсоор бичиг ирүүлсний дараа асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр хойшлуулав.
Дараа нь Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хийлээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх нэр томьёог Эрүүгийн хуулийн бусад зүйл, хэсэг дэх нэр, томьёотой жигдлэх, төслийн нэгдүгээр зүйл буюу 20.18, 20.19 дүгээр зүйлтэй холбогдуулан зарим найруулгын саналаар дахин санал хураах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн байна. Улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын жигдлэн, хууль зүйн техникийн засваруудыг хийж эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар цахим мөрийтэй тоглоомын хохирлын хэмжээ, олон нийтэд ил болгосон баримтууд, мөн цахим мөрийтэй тоглоомыг хориглох техникийн боломж, хууль бус гүйлгээг эргүүлэн татах бололцоо, хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломж нөхцөл бий эсэх талаар асууж, хууль боловсруулах техник шаардлагыг хангаж ажиллахыг зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.