Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна.

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2  хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулна. 
Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам болох:

  • 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүд;
  • Жирэмсэн эмэгтэй;
  • 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс;
  • Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм. 

Манай улсад жил бүр улирлын томуугийн дэгдэлт  10 дугаар сараас эхэлж, 1, 2 дугаар саруудад оргил үедээ хүрч,  жилд дунджаар 630,000-700,000 хүн томуугаар өвчилж, 45,000-47,000 тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг. Сүүлийн 3 жилд томуугийн улирал 2 дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгдсэн байна. Дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин ихсэх, эмч мэргэжилтнүүдийн хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлүүдийн улмаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нилээдгүй дарамт учруулдаг.

Хүүхдийн байгууллагад хийсэн ирцийн тандалтаар хичээлээс өвчний улмаас чөлөөлөгдсөн хүүхдийн 60% нь ТТӨ-ий шалтгаантай байсан байна.

Мөн  эрүүл мэндийн салбарын 2024 оны статистик мэдээгээр амьсгалын эрхтний өвчний шалтгаант нас баралт нь 0-1 насны хүүхдийн  эндэгдлийн шалтгааны хоёрдугаарт, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн  шалтгааны нэгдүгээрт, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувийг эзэлж байна. 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Ирэх арваннэгдүгээр сар гэхэд өвчлөл нэмэгдсэнээс шалтгаалан эмнэлгийн коридор дүүрч, өвчлөлийн эндэгдэл бий болох эрсдэл бий. Томуугийн дархлаажуулалт хийх гол цэг бол өрхийн эрүүл мэндийн төвүүд (ӨЭМТ) юм. Миний бие сайдаар томилогдож байх үед Улаанбурхан өвчний тохиолдол өдөрт 500-600 байсан. Харин өнөөдрийн байдлаар өдөрт 2-3 тохиолдол бүртгэгдэж байгаа. Улаанбурхан өвчний тохиолдлыг бууруулахад эмч, эмнэлгийн ажилтнууд, эцэг эхчүүд та бүхний хичээл зүтгэл их байсныг дурдах нь зүйтэй. Монгол Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний нөхөн дархлаажуулалтыг 70 хувьд хүргэн ажилласан ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудад талархал илэрхийлэх нь зүйтэй. Ирэх арваннэгдүгээр сард томуугийн өвчлөл, Улаанбурхантай хавсран хүндрэл үүсгэж болзошгүй байгаа. Үүнийг эрүүл мэндийн байгууллагын олон тооны судалгаа харуулж байна. Томуугийн улирлаар жилд 700 мянга гаруй иргэд томуу, томуу төст өвчнөөр өвчилдөг. Хамгийн харамсалтай нь энэ үеэр 50 орчим хүүхэд энддэг. Тиймээс бид цаашид томуугийн улирлаар нэг ч хүүхдийг томуу, томуу төст өвчнөөр алдахгүй байхад анхаарах шаардлагатай. Үүний тулд дархлаажуулалтдаа хамрагдаж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухайд нь авахыг зөвлөж байна.
Улирлын томуугийн дархлаажуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр БЗД-ийн 16-р хорооны "Насан-Урт" өрхийн эрүүл мэндийн төвд боллоо. Улирлын томуугаас сэргийлэх хамгийн оновчтой арга бол улирлын томуугийн эсрэг вакцинаар хүн амыг ялангуяа эрсдэлт бүлгийн иргэдийг жил бүр дархлаажуулах явдал. Ингэснээр халдвар авах, халдвар авсан ч хүндрэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Та бүхнийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, бусдад зөв мэдээлэл түгээж хүүхдүүд, гэр бүл, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс сэргийлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.