АНУ-ын Энэтхэг-Номхон далайн стратеги
Стратегийн үүсэл, түүх, нэр томъёоны гарал
Энэтхэг номхон далайн стратеги гэх ойлголт нь Энэтхэгийн далайг Номхон далайтай холбон авч үзэх үзэл бөгөөд анх судлаачдын дунд дэлгэрч, улмаар судлаачдын түвшнээс хальж 2016 оноос тухайн бүс нутгийн орнуудын Засгийн газрын түвшинд яригдах болсон.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 2016 оны 8 дугаар сард Кени улсын Найроби хотноо болсон Африкийн хөгжлийн талаарх олон улсын хурал дээр “Чөлөөтэй бөгөөд Нээлттэй Энэтхэг-Номхон далай” гэх нэр томъёог анх ашигласан байдаг.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2017 оны 11 дүгээр сард Вьетнам Улсад болсон Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл (APEC)-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ази-Номхон далай гэх нэр томъёоны оронд Энэтхэг-Номхон далай гэх нэр томьёог ашигласнаар АНУ-ын бүхий л стратегийн баримт бичгүүдэд Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хэмээх нэршил бий болсон.
2017 оны 12-р сард батлагдсан АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын стратегид нэн тэргүүнд анхаарал хандуулах бүс нутгаар Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нэрлэсэн бол 2019 оны 6 дугаар сарын 1-нд тус улсын Батлан хамгаалах яамнаас “Энэтхэг-Номхон далайн стратеги” бодлогын баримт бичгийг боловсруулан баталснаа албан ёсоор зарлаж, АНУ-ын Ази-Номхон далай дахь командлалыг Энэтхэг-Номхон далайн командлал болгон нэрийг нь өөрчилсөн.
Газарзүйн хамрах хүрээ
Хамрах хүрээний хувьд, уламжлалт ойлголтоор судлаачид Энэтхэг-Номхон далайн бүс нутаг нь "Хоёр тив, хоёр далай" буюу Ази-Африк тив болон Энэтхэгийн далай-Номхон далайг дамнасан бүс нутгийг авч үздэг. Харин АНУ өөрийн стратегийн баримт бичигтээ дээрх орон зайг нь багасгаж, Энэтхэгийн баруун эргээс АНУ-ын баруун эрэг хүртэлх орон зайг хамрулсан.
АНУ уламжлалт Энэтхэг-Номхон далайн ойлголтоос Африкийн эргийн бүс нутгийг хасч, Ази-Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Зүүн Хойд Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн арлын орнууд төдийгүй Энэтхэг, Бангладеш, Шри-Ланка зэрэг Өмнөд Азийн орнуудыг багтаан авч үзсэн. Ингэснээр тус бүс нутаг нь дэлхийн хүн амын талаас илүү хувийг эзлэх хамгийн хурдацтай өсч буй эдийн засгуудыг хамарсан бүс нутаг болж байна.
Дэлхийн далайн тээврийн 60 гаруй хувь нь тус бүс нутгаар дамжин өнгөрч байгаагийн 1/3 нь Өмнөд Хятадын тэнгисээр дамжиж байгаа бөгөөд далайн тээвэр хамгийн их дамжин өнгөрдөг 10 боомтын 9 нь тус бүс нутагт харъяалагдаж байна.
Гол зорилго
Гол үзэл санаа нь Энэтхэгийн далай-Номхон далайг дамнасан нээлттэй, чөлөөт дэглэмийг цогцлоох, тив дамнасан дэд бүтцийн сүлжээг бий болгож, энэхүү орон зайд аль нэг ганц улсын ноёрхол бүхий дэглэм тогтохоос сэргийлэх, тэнгисийн хилийн зөрчил маргаанаас зайлсхийж, нээлттэй, олон улсын гэрээ, эрх зүйд тулгуурласан бүс нутгийн дэглэмийг бий болгох явдал юм.
Төсөл хөтөлбөрүүд
АНУ-ын Засгийн газрын зүгээс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт эрчим хүч, дэд бүтэц, төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх зорилго бүхий хөрөнгө оруулалтын санаачилгыг гаргаж, үүнд зориулж 113 сая ам.доллар төлөвлөж байгаагаа 2018 онд зарласан. Үүний зэрэгцээ "Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай хууль" (BUILD Act)-ийг баталсан байдаг. Тус стратегийн гол гишүүн орнуудын зүгээс "Өрнө-Дорно эдийн засгийн коридор", "Ази-Африкийн хөгжлийн коридор", "АСЕАН-ийн тэнгисийн эдийн засгийн коридор" зэрэг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай өрсөлдөхүйц дэд бүтцийн хуучин болон шинэ төсөл хөтөлбөрүүдийг дэвшүүлж, хэрэгжүүлэхээр зорьж байна.
Тус бодлогын суурь болсон гол 4 орон
Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг нээлттэй байлгаж олон улсын хууль дүрэмд тулгуурласан бүс нутгийн дэглэмийг бий болгохын тулд АНУ-ын зүгээс бүс нутаг дахь уламжлалт холбоотнууд болон түншийн харилцаатай орнуудаас бүрдсэн “Энэтхэг-Номхон далайн түншлэл” (Indo-Pacific Partnership-IPP) гэх нэгдсэн сүлжээг бий болгож, хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлох болсон.
Үүнд, АНУ, Энэтхэг Улс, Австраль Улс, Япон Улс гэсэн дөрвөлсөн хамтын ажиллагаа байх бөгөөд “Дөрвөл” буюу “Quad” хэмээн нэрлэгддэг 4 талт аюулгүй байдлын албан бус яриа хэлэлцээ юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.