АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотод ирэв

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийхээр Бээжин хотод ирэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д төрийн айлчлал хийхээр лхагва гаргийн орой Бээжин хотноо хүрэлцэн ирсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. 

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний урилгаар хийж буй Д.Трампын айлчлал тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Энэхүү айлчлал нь сүүлийн есөн жил орчмын хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд Хятадад хийж буй анхны айлчлал бөгөөд Д.Трампын хувьд 2017 оны 11 дүгээр сараас хойш тус улсад хийж буй хоёр дахь айлчлал юм.

Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, хоёр улсын удирдагчид хоёр талын харилцаа болон дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлттэй холбоотой томоохон асуудлуудаар санал бодлоо гүнзгий солилцоно.

Д.Трампыг "SpaceX" компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, "Nvidia" компанийн ерөнхий захирал Женсен Хуанг зэрэг томоохон компаниудын удирдлагуудаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг дагалдан явж байна гэж "Reuters" агентлаг мэдээлжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн байрлах "Four Seasons", "Kempinski зочид буудлуудыг хууль сахиулах байгууллагууд өндөржүүлсэн хамгаалалтад авчээ. Буудлуудын ойр орчимд 100-200 метр тутамд цагдаа болон тусгай хүчнийхэн эргүүл хийж байна.

Д.Трамп Ши Жиньпинтэй уулзах үеэрээ Ирантай холбоотой зөрчил, Тайванийн асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж  байна гэж олон улсын томоохон хэвлэлүүд мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.