Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2.5 сая давлаа

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 2.5 сая давж, АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 800 мянга давлаа. Халдварын улмаас дэлхийн хэмжээнд 170 мянга гаруй хүн нас барсны гуравны хоёр нь Европт бүртгэгджээ.
Халдварын эхний 500 мянган тохиолдол 75 орчим хоногт бүртгэгдсэн бол сүүлийн 500 мянган тохиолдол зургаахан хоногт илэрсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд буюу гуравхан сарын өмнө халдварын анхны 41 тохиолдол бүртгэгдэж байсан бол дөрөвдүгээр сар гэхэд өдөрт 70 мянга гаруй тохиолдол бүртгэгдэх болжээ.
АНУ-д хамгийн олон буюу 42 мянга гаруй хүн нас барсан бол тус улсын араас Итали /24 мянга/, Испани /21 мянга/, Франц /20 мянга/, Их Британи /16 мянга/ бичигдэж байна.
Халдварын тохиолдлын тоогоор авч үзвэл, АНУ-д хамгийн олон буюу 804 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бол араас нь Испани /204 мянга/, Итали /181 мянга/, Франц /156 мянга/, Герман /147 мянга/ жагсаж байна.
Хэдийгээр халдварын тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа боловч хөл хорио тогтоосон орнуудад халдварын тархалт саарч буй хандлага ажиглагдаж эхэлжээ. Дөрөвдүгээр сарын эхний байдлаар халдварын нийт тохиолдлын тоон үзүүлэлт өдөрт 8-9 хувиар өсөж байсан бол өнгөрсөн долоо хоногоос өдөрт 3-4 хувь болж буурчээ.
Европт халдварын 1.1 сая тохиолдол бүртгэгдсэнээс нас баралтын 10 гаруй хувь нь бүртгэгдсэн Итали, Испанид 400 мянга орчим хүн халдвар авсан байна.
Хойд Америкт халдварын нийт тохиолдлын гуравны нэг нь бүртгэгдсэн хэдий ч нас баралтын түвшин харьцангуй бага байгаа бөгөөд нийт нас баралтын 5 хувь нь АНУ, Канадад бүртгэгджээ.
Латин Америкт халдвар авсан хүний тоо бусад бүс нутгийнхаас хурдацтай өсөж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 100 мянгаар нэмэгджээ.
Харин халдвар анх дэгдсэн хэмээн үзэж буй БНХАУ-д сүүлийн гурван хоног дараалан халдварын 20-иос цөөн тохиолдол илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт Хятадад халдварын улмаас нас барсан хүний тоо 40 хувиар өсөж, 1290 нас баралт нэмж бүртгэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.