Санхүүгийн луйвраас сэргийлэх "Нягтлах тусам аюулгүй" аян эхэллээ

Санхүүгийн луйвраас сэргийлэх "Нягтлах тусам аюулгүй" аян эхэллээ

Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 4 сарын 20-ны өдрөөс 6 сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар болжээ.

Тус аяныг Монголбанк, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Хаан банк болон бусад холбогдох байгууллагууд хамт зохион байгуулна. Монголбанк энэхүү аянд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр” -ийн хүрээнд оролцож байгаа бөгөөд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлсэн мэдлэг мэдээллийг түгээх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаралтыг багасгах зорилготой юм. Иймд  олон нийтийн сүлжээ, цахим орчинд иргэдийг зөв мэдээ мэдээллээр хангах аж.

"Ятгах тусам нягтал” аян 2020 оны 1 сарын 1-нээс 2 сарын 1 хүртэл 30 хоногийн хугацаанд хэрэгжихэд “залилах” гэмт хэрэг улсын хэмжээнд урьд оны мөн үеийнхээс 15.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Түүнчлэн иргэдийн мэдлэг, хандлага, залилах гэмт хэргийн гаралтад гарсан өөрчлөлт, өмнө нь зохиогдож байсан нөлөөллийн бусад арга хэмжээний үр дүнгээс үзвэл, залилах гэмт хэрэг 2020 оны 2, 3, 4 дүгээр сард буурах төлөвтэй болжээ.

Гэсэн ч иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, залилах гэмт хэргийн нөхцөл байдал, үйлдлийн арга, хор уршгийг иргэдэд тайлбарлан таниулах, гэмт халдлагад өртөж хохирохгүй байх сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэл, сургалтыг тогтмол өгч байх шаардлагатай тул дахин хоёр дахь шатны аяныг эхлүүлэхээр болсон байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.