Хан-Уул дүүргийнхэн “Би таны тусгал” аянг эхлүүлжээ

Хан-Уул дүүргийнхэн “Би таны тусгал” аянг эхлүүлжээ

Хан-уул дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхлан ахалсан Хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэрээр дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг угтан “Би таны тусгал” аяныг эхлүүлсэн байна.

Анх уг өдрийг 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбодь, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүй хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг.

Хан-Уул дүүрэг нийт 195 539 хүн амтай. Үүнээс 0-18 насны 70 мянга орчим хүүхэд байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2018 онд ирсэн нийт 350 дуудлагаас 122 дуудлага, 2019 оны 261 дуудлагаас 68 нь бие махбодийн хүчирхийллийн дуудлага байжээ. Энэ бол нийт дуудлагын 31 хувийг хүүхдийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага эзэлж байгааг анхаарууллаа.

Дуудлага гарах болсон шалтгаан нөхцлийг тодруулахад архины хамаарал, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга сонгож хэрэглээгүй, харилцааны зөрчилтэй байдал зэргээс ийм байдалд хүрчээ. Иймд эцэг эхчүүдэд хандаж хүүхдээ хүмүүжүүлэхдээ эерэг арга хэрэглэж, хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг таньж мэдэн, хүүхдийнхээ дотны найз байхыг уриалж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.