Берлиний оршин суугчид хорио цээрийн дэглэмийн эсрэг жагсжээ

Берлиний оршин суугчид хорио цээрийн дэглэмийн эсрэг жагсжээ

Германы нийслэл Берлин хотын олон зуун оршин суугчид коронавирусний цар тахалтай холбогдуулан тус улсын эрх баригчдын хэрэгжүүлж буй хорио цээрийн арга хэмжээг эсэргүүцэн жагсжээ. Энэ үеэр цагдаа нар 100 орчим идэвхтэй жагсагчдыг саатуулсан байна.

Жагсаал Роза Люксембургийн нэрэмжит талбайд болох ёстой байсан ч хууль сахиулагчид замыг нь хаасан тул тус талбай дээр эсэргүүцлийн арга хэмжээ эхлэх үед 100 орчим хүн ирсэн байжээ. Бусад нь ойролцоох гудамжаар жагссан байна. Жагсагчид үндсэн хуулиар олгогдсон эрх, тэр дундаа иргэний болон эдийн засгийн эрхийг сэргээхийг шаарджээ. Зарим жагсагчид иогийн гудастай ирж, бясалгал хийж байсан аж. Цагдаа нар хорио цээрийн дэглэмийн үед олноор цугларахыг хориглосон тухай сануулж, энэ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай холбооны хуулийг зөрчиж байна гэж анхааруулж байжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Германд 156418 хүн коронавирусээр халдварласнаас 5873 нь нас баржээ. Берлин хотод нийт 5.5 мянган халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 147 хүн нас баржээ. Цар тахлын дэгдэлт буурч байгаатай холбогдуулан энэ сарын 21-нээс эхлэн тус улсад зарим хязгаарлалтыг сулруулж байгаа бөгөөд тавдугаар сарын 4-нд хорио цээрийн зарим арга хэмжээг дахин цуцлахаар төлөвлөж байна. Тус улсын “ZDF” телевизээс явуулсан судалгаанд оролцогчдын 87 хувь нь хязгаарлалтын арга хэмжээг дэмжсэн бөгөөд 81 хувь нь Герман улс коронавирусний тархалт дэгдэхийн эсрэг хангалттай арга хэмжээ авч байна гэж үзжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.