Газрын харилцааны ажилтны өдөр өнөөдөр тохиож байна

Газрын харилцааны ажилтны өдөр өнөөдөр тохиож байна

Монгол улсад Газрын харилцааны салбрыг үүсгэн хөгжүүлсний 66 жил, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба байгуулсны 25 жил, Газрын харилцааны ажилтны өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба цахимаар тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоос 25 жилийн өмнө  Нийслэлийн Газрын алба  30 хүний орон тоотойгоор Улаанбаатар хотын захиргааны Хот төлөвлөлтийн газрын 2 өрөөнд ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр найман хэлтэс, есөн дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 230 гаруй ажилтан албан хаагчтай болж өргөжсөн байна.

Цахим ёслолын үеэр НГЗБА-ны дарга А.Энхманлай, Газрын харилцааны шинэтгэлийг зөв, зохистой зохион байгуулж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан үе үеийн албан хаагчдын хүчин чармайлтаар энэхүү алба хөгжиж ирсэн. Цаашид хуулийг чанд баримталж төрийн ажил, үйлчилгээг иргэд, байгууллагад шуурхай, чанартай хүргэж албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж, хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд тус алба 2200 гаруй иргэний газрыг нөхөн  олговортойгоор чөлөөлж, 50 гаруй сургууль цэцэрлэг, инженерийн байгууламж, 10 гаруй эмнэлэг, 100 газарт авто зам тавих боломжийг бүрдүүлжээ. Тухайлбал, Яармагийн гүүр, Олимпын гүүр, Хайлаастыг Дарь-Эхтэй холбосон авто зам, Хөшгийн хөндийн хурдны зам, Гачуурт-Налайхын автозам, Баянхошуу болон Сэлбэ дэд төвийг дурдаж болно.

Ойн ёслолын үеэр тус албаны ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг албан хаагчдад шагнал гардуулав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулагч Б.Лхагва-Эрдэнийг БХБЯ-ны “Жуух бичиг”-ээр, ГЗБГЗЗГ-ын “Баярын бичиг”-ээр Багануур дүүргийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулагч Б.Ёндондашийг шагнав. Мөн Газрын харилцааны тэргүүний ажилтан цол, тэмдэгийг НГЗБА-ны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Баярчимэг, Санхүү Аж Ахуй хэлстийн нягтлан бодогч Ө.Золзаяа , Баянгол дүүргийн  Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Б.Отгонзаяа нарт олгов.

2020 оныг байгууллагын соёл, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жил болгон зарлаж, НГЗБА-ны даргын А/45 дугаар тушаалаар “Байгууллагын соёл, үйлчилгээний чанарыг сайжруулахад миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж шилдэг дөрвөн байрыг өнөөдөр тодрууллаа. Тэргүүн байранд НГЗБА-ны Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр, дэд байранд Газар чөлөөлөх хэлстийн ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн, гутгаар байранд Газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн  мэргэжилтэн Т.Энхмаа, тусгай байранд Газар өмчлөх хэлтсийн мэргэжилтэн Г.Номуундарь нар тодорлоо

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.