Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл 23 хувиар БУУРЧЭЭ

“Оюу толгой” компани нэгдүгээр улирлын үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийн голлох үзүүлэлтийг гүний уурхайн төслийн мэдээлэл болон коронавирусний халдвараас сэргийлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийнхээ хамт танилцууллаа.
Тус компани баяжмал дахь зэс, алтны үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөөндөө хүрэх төлөвөө хадгалж буй аж.
Хүдрийн агуулга буурсан тул ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэс 2019 оны мөн улирлынхаас 23 хувиар буурчээ.
Ангилан дараалалд оруулах болон бага агууламжтай овоолготой холих зэрэг ажиллагааны улмаас өмнөх оны мөн үеэс хүдэр дахь зэсийн дундаж агуулга 26 хувиар багасжээ.
КОВИД-19-ээс үүдэлтэй хязгаарлалтын оргил үед Хятад дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан тул хэрэглэгчид агуулахаас бүтээгдэхүүн татах явц удааширсан болон хил дээрх таталт буурсан нь нэгдүгээр улирлын борлуулалтад нөлөөлсөн байна.
35,203 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 23 хувиар буурсан үзүүлэлт бол 26,154 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь 2019 оны нэгдүгээр улирлынхаас 78 хувиар буурсан үзүүлэлт аж.
Ерөнхийдөө хатуулаг багатай, тээрэмдэхэд бэлэн хүдэр байсан болон бүтээмж сайжруулахаар авсан арга хэмжээний үр дүнд баяжуулах үйлдвэрийн гарц 2019 оны нэгдүгээр улирлынхаас 17 хувиар ахиу байсан байна.
Компанийн зүгээс өгч буй мэдээлэлд “КОВИД-19 буюу дэлхийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр 2020 оны нэгдүгээр улиралд тодорхой сорилтуудтай тулгарлаа. КОВИД-19-ийн улмаас нөхцөл байдал нэгдүгээр сард хүндэрч эхэлснээс хойш бид ажилтнууд, ханган нийлүүлэгчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн эн тэргүүнд тавин ажиллаж байна. Иймд бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ уурхайн цогцолбор болон Улаанбаатар хот дахь оффисуудад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Бидний хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь болон Ханбогд сумын орон нутгийн удирдлагуудын гаргасан заавар, шийдвэрүүдтэй бүрэн нийцсэн бөгөөд тэдгээрийг чанд мөрдөж байна.
Сорилтын хажуугаар ажилтнууд, уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдээ хамгаалахын зэрэгцээ бид бизнесийн үйл ажиллагаагаа таслахгүйн тулд чармайн ажиллаж байна. Хэдий тийм ч хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байна.
КОВИД-19-ээс үүдэлтэй ид хязгаарлалтын үед Хятад улс дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэг болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөгөөгөө давуулсан борлуулалт хийлээ. Энэ цаг үед баяжмалын тээвэрлэлтэд бэрхшээл тулгарч байгаа хэдий ч цаашид борлуулалтад учирч болзошгүй нөлөөллийг бууруулахаар Монголын болон Хятадын засгийн газруудтай хамтран ажиллаж байна” гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.