“Хос бичигтэн” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Монголчуудын оюуны соёлын салшгүй бүрэлдэхүүн, давтагдашгүй өв болсон монгол бичгийг ард иргэдэд эзэмшүүлэх, хойч үедээ өвлүүлэх орчин нөхцлийг бий болгож, улмаар бүх нийтийн хэрэглээний бичиг болгох зорилгоор Баянхонгор аймаг "Хос бичигтэн" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээний төрийн байгууллагуудад шат шатны сургалтуудыг зохион байгуулах, кирилл болон үндэсний бичгийн зөв бичих толь бичиг нийлүүлэх, монгол хэл бичгийн багш, сурагчдын дунд үндэсний бичгийн олимпиад зохион байгуулах ажлыг эрчимжүүлжээ. Мөн үндэсний бичгийн сургалтын болон хэрэглээний орчныг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчийн үндэсний бичиг сурах болон хэрэглээний чадварыг сайжруулах, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдэд үндэсний бичгийг албан ба албан бус сургалтаар зааж сургах ажлууд өрнөж байгаа юм.
2019 онд ”Хос бичигтэн” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын 29 сургуульд үндэсний бичгийн сургалт явуулах анги кабинетын орчин бүрдүүлжээ. Мөн төрийн албан хаагчдын үндэсний бичгээр унших, бичих чадварыг дээшлүүлэх зорилгоор сургуулийн монгол хэл бичгийн багш нар 800 шахам хүнд сургалт зохион байгуулж, унших бичих чадварыг ахиулсан байна.
Монгол хэл бичгийн багш нарын мэргэшил, ур чадварыг сайжруулахад анхаарч, үндэсний сургалтад 13 багш, орон нутгийн сургалтад төв хөдөөгийн 30 багшийг оролцуулж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Түүнээс гадна ЕБС-ийн насан туршийн боловсролын нэгжийг түшиглэн төрийн албан хаагч болон иргэдэд монгол бичгийн сургалт явуулах ажлыг зохион байгуулж 750 гаруй хүнд анхан болон дунд шатны сургалт зохион байгуулсан байна. Мөн цахим орчинд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Өлзийт, Баацагаан зэрэг сумын 146 албан хаагчийн компьютерт үндэсний бичгийн программ суулгаж, хэрэглээг нэмэгдүүлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.